Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
“НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ХЭРЭГЛЭЭ, АНХААРАХ ЗАРИМ АСУУДЛУУД” СЭДЭВТ ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛЫН ТЭМДЭГЛЭЛ /гуравдугаар хэсэг/
2019/11/08

Үүний дараа санал хэлэх хүмүүсийг бүртгэж, саналыг сонсов. Нийт 8 хүн санал хэлэхээр бүртгэлд оров.

САНАЛ ХЭЛСЭН НЬ:

Хими, химийн технологийн хүрээлэнгийн доктор, Дугарсүрэн: Би нүүрсний технологийн чиглэлээр олон жил ажилласан, утаагүй түлштэй ч гэсэн олон жил холбогдож яваа хүн. Утаагүй түлшний талаар мэднэ. Тиймээс нэг санал хэлээд, нэг асуултад хариулъя. Утаагүй түлшний төлөөх тэмцэл олон жилийн түүхтэй. Өнгөрсөн зуунаас эхэлсэн юм. Одоо л ажил болж байна, гайгүй амжилтад хүрч яваа. Энэ сайжруулсан түлш бол сайн юм байна билээ.  Монголын болон гадаадын стандартад тохирч байгаа. Тоос тортог бага гарч байгаа. Үүнийгээ улам сайжруулах, чанараа удаан хадгалах асуудал чухал. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ санал нэгдэж байна. Шаталттай хобоотойгоор угаар их гарч байгаа юм. Энэ их аюултай эд шүү дээ. Үүнийг багасгахын тулд зуухаа солихоос өөр аргагүй. Д.Баттулга дарга маш зөв хэлж байна. Наранбаатар докторын туршилт бол маш сайн туршилт, маш чухал шүү. Энэ одоо эх орныхоо төлөө хийж байгаа ажил шүү дээ. Элэг бүтэн монгол төслийг санаачилсан хүн. Түрүүнд тэр хүн хэлж байна, яагаад эвгүй үнэр гараад байна вэ гэж. Түүнд би хариулахыг оролдъё. Энэ бол угаарын хийтэй холбоотой. Шаталт бол нарийн процесс. Эхлээд дулааны задрал явагдаад,  хийн байдалтай бодисууд үүснэ. Шаталт нь хийн байдалтай болж байж явагдана шүү дээ. Ингээд оройтоод шаталт муудаад ирэхээр дэгдэмхий бодис нь бүрэн шатаж дуусахгүй байгаа юм. Угаарын хий нь өөрөө үнэргүй. Угаарын хийн үнэр биш арай өөр дэгдэмхий бодис  ялгарч байгаа юм . 

Баянзүрх дүүргийн XXV хорооны иргэн  Ч.Ганболд: Би түрүүнд асуулт асуусан, харилт авч чадсангүй. Би нийслэлийн Засаг дарга, Байгаль орчны сайдад хүсэлт өгсөн. 2000 гаруй өрхийг түлшээр хангаад байгаа хэрнээ яагаад Баянзүрх дүүргийн 20 гаруйхан өрхийг галаар хангахгүй байгаа юм бэ. Цахилгаан юм уу газаар халаа гэж байгаа. Газ нь 3 400 000-13 000 000 төгрөгийн халаалтын систем тавиулах шаардлагатай байгаа. Бойлуур гэдэг зүйл нь ийм үнэтэй. Сард 550 000-670 000 төгрөгийн үнэтэй газ хэрэглэнэ. Тийм саналууд ирж байна. Цахилгаанаар халаана гэхээр яах вэ гээд 2-3 газраас санал авлаа. Анх тавиулахдаа 4 сая гаруй төгрөг бөгөөд сарын төлбөр нь 600 000-аас доошоо буухгүй гэж байгаа юм. Манай 180 метр квадрат юм. Энэ байшиндаа би 58 жил амьдарч байгаа юм. Намайг төрөхөд Найрамдлын раоайн гэж байсан. Одоо Баянзүрх дүүрэг болсон. Өөрийнхөө хөрөнгөөр, өөрийнхөө эзэмшлийн газар, 180 метр квадрат байшин байрьсныхаа төлөө би гал түлэх эрхгүй, цахилгаанаар хангагдах эрхгүй, тэндээ шинээр орон сууц бариулах эрхгүй ийм байдалд орсон. Энэ бол дандаа хотын захиргаанаас гаргасан захирамж, тушаал, журам зэргээс болж байгаа юм. Тэгээд үүнийхээ хариултыг юу гэж өгдөг вэ гэхээр жишээ нь Орчны бохирдлын дарга, хотын менежер, агаарын чанарын албаны дарга нар “Өө дээрээс гарсан шийдвэр” гээд орхидог. Дээрээс гарсан шийдвэр гэдэг чинь хотын дарга Аамарсайханы гарын үсэгтэй 334, А/820 гэсэн гурван захирамж байдаг. Үүнийг нь хэлэхээр өөдөөс нийтийн эрх ашиг гээд байдаг. Та байшин дотроо нийтийн эрх ашгийг бодохгүй байна уу гээд байдаг. Би өөрийнхөө эрх ашгийг хамгаалж яадахгүй байж яагаад нийтийн эрх ашгийг хамгаалах гэж. Тэр хүмүүсийн эрх ашгийг хүндэлдэг хэрнээ яагаад миний эрх ашгийг хүндлэхгүй байгаа юм бэ. 2017 онд тогийг минь тасалж хувийн компанид өгсөн. 2018 онд барилгажуулахыг хориглосон захирамж гарсан. 2019 онд гал түлэхгүй байх шийдвэр гаргасан. Нийслэлийн удирдлагууд өөрсдийнхөө эрх хэмжээнд тушаал, захирамж гаргаж миний өмчилж авсан газрыг үнэгүйдүүлэх гээд байгаа юм биш үү. Тэгээд өөрсдөө авах сонирхолтой юм шиг санагдаад байгаа юм. Үүнийг та бүхэн анхааралдаа авч ажиллана уу. 

Иргэн: Улаанбаатарчууд нэг алхам урагш алхсан. Тиймээс ухрах эрх байхгүй. Утаагүй болчихсон нь мэдэгдэж байна. Тиймээс зуухандаа анхааръя. Төслийн зуухыг тараасан, өөрсдөө төслийн зуух авсан, аваагүй айл бараг байгаагүй шүү дээ. Тэгээд өөрсдөө байхгүй болгочихоод төрөөс зуух нэхээд сууж байж болохгүй л дээ. Зуухгүй болчихоод одоо эргээд түүхий нүүрс түлье гээд байгаа юм уу. Энд ярьж байгаа хүмүүсийг заримыг нь ойлгохгүй байна. Тэгэхээр тийм байж болохгүй ээ. Нэг алхсан юм чинь урагшаа л алхана уу гэхээс, эргээд түүхий нүүрс түлнэ гэж юу байхав. Эргээд түүхий нүүрсээ түлье гэж ярих гээд байна шүү зарим нь. Болохгүй. Нэгэнт л түлж байгаа юм чинь улам сайжруулаад, гэртээ тэр угаар хэмжчигчээ тавиад явах хэрэгтэй. Толгой өвдлөө гээд байгаа хүмүүс эргээд түүхий нүүрсээ түлвэл гайгүй болох юм шиг юм яриад байх юм. Түүхий нүүрс түлж байхад үүнээс илүү хүнд байсан шүү дээ. Хоолой өвдөөд, ханиад хүрээд, масктай явж байхад л хар болоод байдаг байсан. Одоо гараад алхаарай. Тиймээс энэ шийдвэрээ дэмжээд явах саналтай байна.

Баянзүрх дүүргийн иргэн Тамара: Сайжруулсан түлшийг иргэддээ хүргэж байгаа бүх хүмүүст баярлаж байгаагаа илэрхийлье. Энэ нүүрс  сайн нүүрс. Зөв түлэх хэрэгтэй. Хоёрдоод ирэхэд хотын дарга нар гээд яриад байх юм. Хотын дарга бидний янданг хөөлөхгүй ээ. Бидний үнсийг гаргаж өгөхгүй ээ. Тиймээс иргэн бүр хариуцлагатай байх ёстой. Хотын дарга бидний янданг хөөлж, пийшинг галлаж өгөхгүй. Хоёрт, би эмзэг бүлгийн иргэд гэж их ярьдаг хүн. Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийн хамгийн доод түвшний амьдралт ай хүмүүсийг зорилто бүлгийнхэн гэж яриад байгаа юм. Үгүй ээ, тэдний доор эмзэг бүлгийнхэн гэж тодорхой тооны хүмүүс байна. Энэ хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах талаар өчнөөн жил ярилаа, ярианаас дээш явдаггүй. Үүнд чинь 2-3 хүүхэдтэй, өрх толгойлсон ээж аавууд чинь түлшээ авч чадахгүй байна, битүүмж нь алдагдсан зуух яндантай. Үүн дээр тэр зуун яндан дээр нь жаахан харж хандаач. Давхардуулахгүйгээр эмзэг бүлгийн иргэдээ харж хандаач гэдэг хүсэлт байна. Ингээд ИТХ-ын дарга байгаа дээр нэг үг хэлье. Энэ гудамжинд нас бараад хүмүүсийнхээ амь насыг та нар тооцож үзээч ээ. Би сүүлийн таван жилийн судалгаа хийсэн. Дундаж хэмжээ нь 70 байгаа, 60 гаруй хүн гараа тайруулсан байгаа. Энэ хүмүүсийн амь насыг хэн хариуцах ёстой вэ. Сайжруулсан түлшээ буруу түлснээс болж найман хүн нас барлаа. Тэр бол Монголын гарз. Тэр гудамжинд байгаа жилд 50-иад хүн нас бараад байгаа асуудлыг үе үеийн дарга нарт хэлдэг. Ерөөсөө тоохгүй, бодит ажил хийхгүй юм. Яагаад вэ.  Ийм хүмүүсийг харж хандахгүй гээд биччихсэн юм уу, тэр Үндсэн хууль дээр чинь. Амьд явах эрхтэй, аюулгүй орчин амьдруулах үүрэгтэй гэж байдаг биз дээ. Үүргээ мэдэхгүй байна, үүргээ биелүүлэхгүй байна. Энэ талаар арга хэмжээ авч ядарсан хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалж өгөөч гэж хүсч байна. Тэгээд та намайг өөрийнхөө боломжтой үедээ хүлээж аваач гэж хүсэх гэсэн юм.

Сонсгол даргалагч, НИТХ-ын дарга Р.Дагва: Санал хэлж байгаа хүмүүс маань журамтай, хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой санал хэлэх ёстой. Та маргааш өглөө 10.00 цагаас өмнө манай өрөөнд ирэх боломжтой. Тэгвэл хоёулаа уулзаад духтай ярьяа.

Эрүүл орчин ТББ-ын тэргүүн Энхтайван:  Тэгэхээр энд гал түлэхгүйгээр дулаацах сонирхолгүй хүн нэг ширхэг ч байхгүй байх. Гал түлэхгүйгээр гэрээ халаагаал амьдрах боломж байдгийг би 2014 оноос хойш ярьж яваа хүн. Шийдвэр гаргагчид буруу ташаа шийдвэр гаргаснаас болж ард иргэдэд энэ түлш сайн, муу гээд талцаад байгаа юм. Би Сонгинохайрхан дүүргийн 20 хороонд иргэд ахиугаа гарын  гэдгийг бодит туршилт хийгээд үзчихсэн байгаа юм. Тэгэхээр ИТХ-ын төлөөлөгчдөд хэлэхэд иргэдийнхээ ахуйгаа зөв шийдэх аргыг нь заагаад өгчихвөл гал түлээд амьдрах сонирхолтой хүн нэг ширхэг ч байхгүй. Үүн дээр та нар анхаараач ээ. Үүнийг би 2016 оноос хойш ярьж яваа, хүмүүс бас мэдэж байгаа байх. Маш энгийн хялбар аргуудаар гэр байшингаа дуулалчих, үнэтэй материалаар биш. Туршилт хийгээд нотолчихсон юмыг иргэдэд хүргээд өгөх нь  НИТХ-ын төлөөлөгчид та бүхний үүрэг юм шүү дээ. Иргэдийнхээ ахуйг зөв шийдэх аргагыг нь зааж өгөөд, стандарт гэдэг зүйлийг бий болгож өгөөд явах нь төрийн үүрэг болов уу. Төр ажлаа хийгээгүйгээс иргэд маань аргаа болохгүй, гал түлж дулаацах ганц зомголноос өөр юм сонгож мэдэхгүй байна шүү дээ. Тэгэхээр үүнийг иргэдэд хүргэж өгөөч гэсэн санал байна. Одоо Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороонд гэр барьчихсан, сургалт хийж байна л даа. Тэгсэн чинь нэхийгээр гэр дулаалах муу арга зааж өглөө гээд Саруул-Ирээдүй гэдэг хорооны дарга тог өгдөггүй. Ийм байдалтай байж байна. Дагва даргатай энэ талаар уулзсан, иргэд хэрэгтэй зүйл зааж байхад нэхий, кордонон цаасаар дулаалаад байх даа яадаг юм бэ гээд. Иргэдэд муухай юм зааж байгаа юм байна.

Шинжлэх ухааны академийн, физик техникийн хүрээлэн: Өнөөдрийн ярьсан зүйлсээс надад нэг л зүйл ажиглагдаж байна. Ямартай ч шахмал түлшнээсээ ухрахгүй юм байна. Өөр аргаар шийдэхэд ойрын 5-6 жилдээ хий, цахилгаан шийдэгдэхгүй юм байна. Хамгийн энгийн юм ч гэсэн нийтийг хамарсан хэмжээгээр хэрэглэхэд эрсдэлтэй байдаг гэдгийг эхний ганц сар дүн тавиад өгчихлөө. Түлдэг л түлш, байдаг л цардуул, байдаг л шавар гэсэн ийм байдлаар асуудалд хандсан. Эрсдлийн үнэлгээ хийгээгүй, эрсдэл гарсан. Одоо угаарын хий  мэдрэгч тавина гэж ярьж байна. Манай хүрээлэнгийн залуучууд энэ багажийг хийсэн. Энэ багажийг хийсэн гээд түүнийгээ үйлдвэрлэх зориг ч байхгүй, үүрэг чиглэл ч биш. Гэхтээ та нар тэр багажаа  оруулж ирэхээсээ өмнө ядаж манай хүрээлэнгийн тэр залуучуудаар эрсдлийнх нь үнэлгээг гаргуулаарай. Тэгэхгүй бол багаж чинь батерей нь суудаг, тоос тортог болдог юм уу, температурын горим нь ямар байдаг юм бэ гээд асуудал бий шүү. Зохион бүтээж чадаж байгаа Монгол эрдэмтдээрээ ядаж нэг дүгнэлт гаргуулаад, дүгнэлтийг нь хараад энэ чинь ийм эрсдэлтэй юм байна шүү, үүний цаана тавьбал ингэж хэмжих юм байна гэдгээ хийлгэж авчихаад тараахгүй бол харин ч ёстой багаж нь дугараагүй байж байгаад хүн нас барчихсан байвал ёстой толгойг нь авах л ажил болно шүү дээ. Үүнийг би эртхэн, шууд сануулчихъя. Сүүлд нь багаж орж ирлээ, болохоо байлаа, энэ нь ингэж мэдэрч байна, тэр тэгж байна гээд биднийг дуудна шүү дээ. Тэгээд бид оруулаад ирсэн тэр олон багажийг чинь яах юм. Тиймээс үүнийг албан ёсоор, хэрэг болгоод хэлчихье. Дараагийн нэг анхаарах асуудал бол ноцох температур гэдэг зүйл дээрээ анхаарах ёстой. Тиймээс  яг адилхан түлшийг Таван толгой болон бусад газрын нүүрсээр хийгээд  шатантын процесс дээр дүгнэлт хийх хэрэгтэй л юм байна. Үүн дээр эрдэмтэд хайнга хандсан байна гэж би ойлгож байна.

Иргэн: Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах шийдвэр гаргасан, нийслэлийг утаагүй болгох зорилтыг дорвитой хэрэгжүүлж, ажлын хэлэлийг тавьж, цаашид яаж эсрдлийг бууруулах вэ гэдэг дээр санаа зовж суугаа та бүхэнд баяр хүргэж байна. Эцсийн дүндээ бид зоригтой шийдвэр гаргаж, эрсдлийг дааж байгаа үйлдвэрлэгчид, шийдвэр гаргасан нийслэлийн удирдлагууд, Засгийн газарт талархах ёстой юм гэж иргэний хувьд бодож байна. Би өөрөө баянхошуунд хувийн дэлгүүр ажиллуулдаг. Тэндээ утаа униар, нүүрс түлээний чанарын байдлыг сайн дүгнэж байгаа хүн. Та бүхэнд эвлэвэл бүтдэг, ховловол гутдаг гэдэг үгийг дээр дооргүй анхаарч иргэн нь ч, төр засаг нь ч, эрдэмтэн мэргэд нь ч бүгд санаа зорилгоо нэгтгэж, нэг чиг зүг рүү асуудал,  анхаарлаа хандуулан ажиллахыг та бүхнээсээ хүсэж байна. Өндөр настай хүний хувьд ийм санал хэлэх гэсэн юм.

Иргэн: Түрүүнд  саналаа хэлсэн. Базаад хэлэхэд өнөөдрийн сонсголоор нэг ч хүн асуултдаа хариулж авч чадсангүй. Хоёрхон хүн хариулдаг. Р.Дагва дарга бол 60, 70 дарга нар ирсэн байгаа гэсэн. Жишээ нь би ямар хэмжээний төсөл гарч байгаа вэ гэж асуусан. Нэг тонн нь 159 000 орчим төгрөг гарч байна гэж байна. Өмнөговиос энд ирэхэд ямархуу хэмжээний зардал гарч байгаа, тэр нь харанхуй байдаг юм байна. Энд ирсэн нийслэлийн удирдлагууд ажлаа хийж мэдэхгүй юм байна гэсэн ийм ойлголтыг авлаа, залуу хүний хувьд. Хоёрт, эрдэмтэн хүн судалгаа хийгээд ийм ийм байна гээд яг бодит байдлыг хэлэхээр нөгөө “Таван толгой түлш” компанийн инженер нь энэ чинь стандартад нийцээд байгаа шүү дээ. Хүний амь нас ямар ч үнэ цэнээс илүү байх ёстой. Дахиад хүн үхвэл хэн хариуцлага хүлээх юм бэ. Энэ тогтоолоо цуцлах юм уу. Нийслэлийн удирдлага солигдох юм уу. Үүнд хариулт авч чадсангүй. Өнөөдрийн энэ хурлаас тодорхой хэмжээний шийдвэр олон түмэнд хүрэх байх. Эрдэмтэн судлаачдыг оролцуулсан шүтэлцээ холбоотой зүйлсийг сайжруулах нь асуудал юм байна. Манай улс шиг ядуу улс гаднаас тэр угаар хэмжигч, барьцалдуулагч бодис оруулж ирэхээ болих хэрэгтэй. Түрүүн дэнд надад ч ийм зүйл байгаа, стандарт нь гарсан, би ч үүнийг хийнэ гэж байна. Яагаад энэ нөөц бололцоог ашигладаггүй юм бэ. Ийм л үрэлгэн байгаа нь хайран санагдаж байна.  Ард түмнээ дэмжсэн, нөөц бололцоогоо дайчилсан ийм байгаасай гэж залуу хүний хувьд хүсч байна. Хүний амьнаас үнэтэй зүйл энэ хорвоо дээр хаана ч байхгүй ээ. Найман хүний амь эрсдчихээд байхад сайн гэж алга ташиж байгаад харамсаж байна. Тэр жаахан хүүхэд өнгөрчихөөд байхад шоу хийгээд, алга ташаад, юугаа ч мэдэхгүйгээ бидэнд гайхуулж байгаад үнэхээр харамсаж байна. Дараагийн сонгол дээр жаахан юм мэддэг хүмүүсээ ирүүлдэг юм уу. Эрдэмтэн судлаач нарыг хамгийн түрүүнд тавиад яваач ээ гэж хэлмээр байна.

Сонсгол даргалагч, НИТХ-ын дарга Р.Дагва: Санал хэлж дууслаа. Өнөөдрийн сонсголд нийтдээ 40-өөд багц саналын хүрээнд 70 гаруй хүн үг хэллээ. Агуулга нь түлшийг улам чанартай болгомоор байна, нунтаг хогийг буцааж авмаар байна, цахилгааны үнийг тэглэмээр байна, найрлагынх нь талаар үнэн зөв мэдээлэл авмаар байна, хортой, хоргүйг нь мэдмээр байна, савлагааг томруулах, картаар олгох хэмжээг ихэсгэмээр байна, сайжруулсан түлшнийхээ голд нүхтэй болгомоор байна гээд маш олон багц асуудлын хүрээнд асуулт хариулт өрнөлөө.  Мэргэжлийн байгууллагууд болоод ажил хариуцаж байгаа холбогдох байгууллага, албан тушаалтнууд юуг анхаарах вэ гэхээр нэг л зүйл дээр эрдэмтэд тодотгож ярилаа. Шаталтын тест гэж хэлээд байна. Шаталтыг хурдасгах тал дээр онцгой анхаарч ажилламаар байна гэж байна. Түлшнийхээ найрлагад дахиад өөрчлөлт хийх, хурдан асахад нь дэм болох үүднээс үртэс холих ч юм уу, ийм арга хэмжээнүүд авах боломж байна уу гээд олон зүйлийг хэллээ. Мэргэжлийн хүмүүс, судлаачид ийм зүйлсийг хэллээ. Гарсан үр бүтээлтэй, санал санаачилгуудыг цаашид ажил төрөлдөө анхаар ажиллах ийм шаардлага байгааг давтан хэлье ээ. Эрхэм сонголд оролцогчид оо, эрхэм нийслэлийн иргэд ээ. Монгол Улсын Нийтийн сонсголын тухай хууль, УИХ-ын 2017 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Нийтийн сонгол зохион байгуулах журмыг баримтлан “Нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй сайжуулсан шахмал түлшний хэрэглээ, анхаарах зарим асуудал” сэдэвт  Ерөнхий хяналтын сонсголыг нийслэд анх удаа та бид хамтран зохион байгууллаа. Сонсгол нийт 213 иргэн, 33 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцлоо. Нийслэлийн нутаг дэвсгэрт сайжруулсан шахмал түлш хэрэглэх шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргаж, түүний хэрэгжилт үр дүнгийн талаар бид өнөөдөр ийнхүү хэлэлцэж, зайлшгүй цаашид анхаарах, сайжруулах асуудлын талаар иргэдийн санал, асуусан асуулт, түүний хариултаас холбогдох албан тушаалтнууд болон иргэд маань тодорхой хэмжээний мэдээлэл авсан гэдэгт итгэлтэй байна. Агаарын бохирдлыг бууруулахад нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэглэж байгаа шахмал түлш, эерэг нөлөө үзүүлж байгаа нь тогтоогдож байгаа. Гэхдээ түүнийг үйлдвэрлэх, тээвэрлэх, борлуулах, хэрэглэх ажилд дутагдалтай зүйл гарч байгааг улам сайжруулж, иргэдийн эрэлт хэрэгцээ, санал хүсэлтэд тулгуурлан холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа уялдуулан, улам сайжруулж ажиллах шаардлагатай байгааг сонсголоос анхааруулж, тодотгож, тэмдэглэж хэлье. Үүнээс хойш өнөөдрийн сонсголоор хэлцэгдсэн асуудал, хариулт, мэдээлэл, дүгнэлт зэрэгтэй холбогдуулан ямар нэгэн зарга, гомдол үүсгэхгүй байх журамтай юм байна. Мөн хэн нэгэнд ямар нэгэн арга хэмжээ авагдахгүй байдаг ийм журамтай юм байна шүү гэдгийг сануулж хэлье. Сонсголоос ямар нэгэн тодорхой, эцсийн шийдвэр гарахгүй. Зөвлөмж, сануулга бол гарна. Хуулийн дагуу ийм зохицуулалттай гэдгийг та бүхэн маань олйгож хүлээж авах байх гэдэгт итгэж байна. Иймд холбогдох байгууллага, албан тушаалтнууд үйл ажиллагаагаа сайжруулах, уялдуулах, иргэдэд мэдээллийг ил тод, шуурхай хүргэх тал дээр онцгой анхаарч ажиллахыг дахин дахин  сануулж, уриалж байна. ингээд өнөөдрийн Ерөнхий хяналтын сонсголын ажиллагаа хаасныг мэдэгдье.

/Ерөнхий хяналтын сонсгол 15.05 цаг өндөрлөлөө/

Нийслэлийн ИТХ-ын Ажлын алба

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.