Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
“НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ХЭРЭГЛЭЭ, АНХААРАХ ЗАРИМ АСУУДЛУУД” СЭДЭВТ ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛЫН ТЭМДЭГЛЭЛ /нэгдүгээр хэсэг/
2019/11/08

Улаанбаатар хот                                                                                                                             2019.11.04

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, анхаарах зарим асуудлууд” сэдэвт Ерөнхий хяналтын сонсголыг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нийслэлийн Иргэний танхимд зохион байгууллаа.

Ерөнхий хяналтын сонсгол 10.04 цагт эхлэв. Хуралдааны эхэнд нийслэлийн ИТХ-ын дарга, сонсгол даргалагч Р.Дагва сонсголд оролцогчдын болон сонсгол зохион байгуулах тухай журам, дотоод журам сонсголын хөтөлбөрийг танилцуулсан. /Танилцуулга, хөтөлбөр, дотоод журмыг хавсаргав/.

Хөтөлбөр ёсоор Ерөнхий хяналтын сонсголын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан үг хэлэв.

ҮГ ХЭЛСЭН НЬ:

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан: -Монгол Улсын Засгийн газар 2018 онд 62 дугаар тогтоолыг гаргаж, тус тогтоолоор 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс нийслэлийн нутаг дэвсгэрт түүхий нүүрс хэрэглэхийг зогсоож, “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан түлшийг хэрэглэх ажлыг шат дараатай зохион байгуулж, айл өрхүүдэд хүргэх ажлыг хэрэгжүүлж байгааг та бүхэн мэднэ. Хэрэгжүүлж ажиллах явцад иргэдийн амь нас, эрүүл  мэнд хохирч тулгамдсан асуудлууд цөөнгүй тохиолдсон. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн ИТХ-ийн төлөөлөгчдөөс “Нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, анхаарах зарим асуудлууд” сэдэвт Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахыг санаачилсныг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн Ажлын албанаас зүйтэй хэмээн үзэж дэмжин оролцож байгаагаа илэрхийлж байна. Сонсголын хүрээнд ажлын явцад гаргасан байж болзошгүй аливаа алдаа дутагдлыг нээлттэй хэлэлцэж, иргэд оршин суугчдаа сонсож, мөн шаардлагатай арга хэмжээг авахтай холбоотой зарим асуудлуудыг ярилцаж, алдаа оноогоо засаж, аливаа эрсдлийг цаашид гаргахгүй байх тал дээр бид хамтран ажиллах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэлэх нь зүйтэй байх аа.

 Эдгээр асуудлуудыг хэлэлцэх, шийдвэрлэх, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд цаг алдалгүй ажиллах нь бидний үүрэг хариуцлага. Иргэдээс ирүүлж байгаа санал дотор хэрэгжүүлэхүйц санал гарч, хамтдаа хүндрэл бэрхшээлийнхээ ард гарна гэдэгт эргэлзэхгүй байна. 

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгааг алдагдуулж, үндэсний аюулгүй байдлын гамшгийн хэмжээнд хүрсэн агаарын бохирдлын эсрэг сүүлийн 10 гаруй жилийн турш УИХ, Засгийн газар, салбарын яамд, чиглэлийн байгууллагууд, нийслэлийн удирдалагуудын зүгээс олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн ч дорвитой үр дүнд хүрээгүй, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлээгүйн улмаас жил ирэх тусам агаарын бохирдол нэмэгдсээр ирсэнийг бид сайн мэднэ. Цэвэр агаар сан, төслийн зуух, нүүрс хөтөлбөр гээд хөрөнгө мөнгө зарцуулсан ч үр дүнд хүрээгүй олон ажлуудыг бид бие сэтгэлээрээ мэдэрч байгаа. Судлаачдын гаргаснаар нийслэлийн агаарын бохирдлын 80 орчим хувийг гэр хорооллын яндан, 10 орчим хувийг авто машин, 6 орчим хувийг цахилгаан станц, үйлдвэрлэлийн яндан, үлдсэн 4 орчим хувийг хөрсний бохирдлоос үүдэлтэйг тогтоосон байна. Тэгэхээр агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын айл өрхүүд түүхий нүүрс түлж байгааг болиулж, түлш түгээлт, тээвэрлэлтийн хэвийн ажиллагааг хангах, иргэд угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах ажлыг үе шаттай авч хэрэгжүүлж, ажиллаж байгаа.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх энэ ажилтай холбогдуулж, өнгөрсөн нөхцөл байдлыг үнэлж дүгнэхтэй холбоотой нийслэлийн удирдлагуудын зүгээс онцгой байдлын өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, хамгийн гол нь эрсдэл гаргахгүй байх, эрдэнэт хүний амийг цаашид дахин эрсдүүлэхгүй байх, хохирсон иргэдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой аливаа асуудалд бодитой үнэлэлт дүгнэлт хийж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, зарим нэг ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгааг та бүхэндээ дуулгая. Эхлүүлж байгаа аливаа ажил алдаа оноотой байдаг. Алдаагаа бид аль болох богино хугацаанд цаг алдалгүй засч залруулах, шаардлагатай арга хэмжээнүүдийг зохих байгууллагуудын оролцоотойгоор зохион байгуулж, эрсдлийг нэн тэргүүнд арилгахаас гадна сайжруулсан түлшний хэрэглээг зүгшрүүлэхийн тулд айл өрхүүдэд зөвлөмж зөвлөгөө өгөх, мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах ажилд хэвлэл мэдээллийн байгууллагууд, үүрэн холбооны оператор компаниудын оролцоотойгоор нийслэлийн бүхий л шатны байгууллагууд буюу 90 гаруй агентлагийн 3000 гаруй албан хаагч, нийслэлийн зургаан дүүргийн хороод, хэсгийн айл өрхүүдээр орж, өнгөрсөн хугацаанд зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллалаа. Цаашид анхаарах асуудал олон байгааг ойлгож байгаа.

Хамгийн гол нь өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн ажилтан, албан хаагчдаас гадна өнөөдрийн Ерөнхий хяналтын сонсголд оролцож байгаа иргэд оршин суугчид та бүгдийн маань нээлттэй санал, илэн далангүй зөвлөмж, үндэсний гамшиг болсон асуудлын ард хамтын хүчээр гарах, гэхдээ эрдэнэт хүний нас хохирохгүй байх дээр онцгой анхаарч ажиллах гэж бодож байна.

Монголчууд бид “Бүгдээрээ хэлэлцвэл буруу” гэлцдэг. Тиймээс хэлэлцэж, ярилцахаар ирсэн та бүхний маань үнэтэй санал, санаачилгаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах энэ ажил эрсдэлгүй, зохих хэмжээнд зохион байгуулагдаж, бүх хүндрэл бэрхшлээсээ сална гэдэгт эргэлзэхгүй байна. Та бүхний ажилд амжилт хүсье. Сонсгол зохион байгуулах ажилд Тамгын газраас бүх талын оролцоог хангаж ажиллаж байгаа учраас та бүхний санал, гомдол, асуултад хариулт өгч ажиллана. Баярлалаа.

Сонсгол даргалагч, НИТХ-ын дарга Р.Дагва: Одоо дараагийн хүнийг урина. Сонсгол зохион байгуулах санал гаргасан нэр бүхий 12 төлөөлөгчийг төлөөлж, Ц.Баатархүү, Н.Батсүмбэрэл нар үг хэлнэ. Ц.Баатархүү даргыг эхэнд уръя. Үг хэлэх хугацаа хоёр хүн дундаа 10 минут.

ҮГ ХЭЛСЭН НЬ

НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү: -Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ. Агаар орчны бохирдлыг бууруулах асуудалд санаа сэтгэлээ чилээж, өнөөдрийн Ерөнхий хяналтын сонсголд хүрэлцэн ирсэн нийт төрийн албан хаагчид, нийт нийслэлчүүдийн төлөөлөл болсон сонсголыг санаачлан зохион байгуулж байгаа 12 төлөөлөгчийнхөө нэрийн өмнөөс гүн хүндэтгэл илэрхийлж, талархал дэвшүүлж байна. Агаар орчны бохирдлыг бууруулах ажил бол шийдэлтэй. Утааны үндсэн шийдэл бол 2012-2016 онд эхлүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлт өө. Агаарын, хөрсний, орчны бохирдлыг цогцоор нь шийдэх ажил бол гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг дээр бид бүгд санал нэгдэж байгаа. Сайжруулсан түлш, зуух бол мэдээж завсрын шийдэл мөн. Өнөөдрийн хэлэлцэн байгаа сайжруулсан түлшний асуудлаар зарим албан тушаалтнуудын албан мэдэгдлүүд өөр өөр байгаа учраас иргэд олон түмэндээ нэгдсэн мэдээлэл өгөх, иргэдийнхээ санаа бодлыг сонсох үүднээс Сүхбаатар дүүргээс сонгогдсон Д.Баттулга төлөөлөгч, Д.Бадарсан төлөөлөгч, Баянзүрх дүүргээс сонгогдсон Т.Батцогт, М.Тулгат төлөөлөгч, Баянгол дүүргээс сонгогдсон Ц.Одонтунгалаг, Л.Нарантуяа, Хан-Уул дүүргээс сонгогдсон П.Батчимэг, Ё.Цацралтуяа, Б.Түвшин төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон С.Мөнхчулуун төлөөлөгч, Чингэлтэй дүүргээс сонгогдсон миний бие, мөн Н.Батсүмбэрэл төлөөлөгч гэсэн нэр бүхий 12 төлөөлөгч энэхүү Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах санаачилгыг гаргасан юм. Иргэд олон нийт, судлаачдын дунд эргэлзээтэй асуудал байгаа. Иргэдийн зарим нь ч айдастай байгаа. Хүний амь нас яагаад эрсдэв, хүмүүс яагаад олноороо угаартав, иргэдийн толгой өвдөж байна гэх дуудлага яагаад ирээд байна, түлш хийх явцад судалгаа хийгдсэн эсэх, түлшний хүхрийн агууламж яагаад буухгүй байгаа талаар, төслийн биш ердийн зуухтай айл өрхүүдэд сайжруулсан түлшийг хэрхэн түлэх талаар, дүн өвлийн хүйтэнд түлшний нөөц хүрэлцээтэй эсэх зэрэг маш олон асуудал өнөөдрийн сонсголын хүрээнд хэлцэгдэнэ гэж бид итгэж байна. Сонсголын үр дүнд иргэд олон түмнийхээ санал хүсэлтийг ажил хариуцаж байгаа хүмүүст албан ёсоор хүргүүлэн ажиллах болно. НИТХ-ын түүхэнд анх удаагаа зохион байгуулж байгаа Ерөнхий хяналтын сонсголын үйл ажиллагаанд 12 төлөөлөгчөө төлөөлөн амжилт хүсье. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.

Сонсгол даргалагч, НИТХ-ын дарга Р.Дагва: -Батсүмбэрэл төлөөлөгч таныг индэрт урья.

НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл: -Та бүхний энэ өдрийн амрыг айлтгая. Монгол Улсын хууль, холбогдох журмын хүрээнд Улаанбаатар хотод анхны нийтийн сонсгол зохион байгуулж байна. Яалт ч үгүй та бидний өмнө тулгамдаж байгаа асуудал бол агаарын бохирдолтой холбоотой энэ асуудал хөндөгдөж байгаа. Бид нэг агаараар амьсгалж байгаа. Нэг орчинд амьдарч, нэг газар нутагт аж төрж байгаа. Бидний амьсгалж байгаа агаар аль нэг намын, хэн нэг хүний агаар гэж байхгүй. Энэ бол Монгол Улсын, Улаанбаатарчуудын амьсгалж буй агаар. Энэ агаарыг цэвэр байлгахын төлөө Засгийн газрын 62 дугаар тогтоолыг нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар дэмжиж ажиллаж байгаа. Засгийн газрын 62 дугаар тогтоол гарснаас хойш авч хэрэгжүүлсэн арга хэмжээ хэр сайн хангагдсан бэ. Бидний хэрэглэж байгаа сайжруулсан түлшний нөөц, хүрэлцээ, хангамж, холбогдох мэдээлүүдийг бүрэн дүүрэн өгч байна уу. Энэ асуудлуудаа ярилцах, нийгэмд үүсээд байгаа олон талын зөрчилдөөнтэй мэдээллүүдийг нэг огтолцолд ачаачих, нэг ойлголттой болгоё гэх үүднээс өнөөдрийн нийтийн сонсголыг санаачилсан юм. Ажил хийж байгаа төрийн албан хаагчиддаа талархал илэрхийлье. Өглөөнөөс орой болтол бүх айлын хаалгыг нүдээд агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн сайн сайхны төлөө ажиллаж байгаа нийт төрийн албан хаагчиддаа талархал илэрхийлье. Статистикаас авч үзэх юм бол зүрх судасны өвчлөлийн 35-40 хувь, уушигны замын өвчлөлийн 40-өөс доошгүй хувь нь агаарын бохирдлоос хамаарч байгаа. Агаарын бохирдлыг бууруулж, ирээдүйд эрүүл сайхан үр хүүхдүүдийг үлдээх ёстой. Ийм учраас агаарын бохирдолтой холбоотой асуудал дээр нийслэлийн төрийн байгууллагууд хэр сайн ажиллаж байгаа талаар энэ сонсгол дээр мэдээлэл өгөөч гэж байгаа юм. Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу түлшийг сольж байгаа. Түлш солиод агаарын бохирдлыг 100 хувь буруулна гэж байхгүй. 30-40 хувь буруулна. Өнөөдрийн түлш сольж байга явдал бол 21 дүгээр зууны соёлын довтолгоо. Энэ ажлыг та бид, иргэд,  төрийн албан хаагчид, ИТХ-ын төлөөлөгчид нийтээрээ хамтарч шийдэх хэрэгтэй. Хамгийн гол зүйл бол бүгд улстөржилгүйгээр, намчирхалгүйгээр, хэн нэгэн ашиг сонирхол ярихгүйгээр нийтээрээ нэг ойлголттой, нэг үг, нэг дуу чимээтэй болох ёстой. Ингэж байж бид энэ агаарын бохирдлын зовлонг давна. Маш олон залуу эмэгтэйчүүд төрж чадалгүй ургаа алдсан түүх, тохиолдол, статистик бий. Энэ бол агаарын бохирдлын нөлөө. Агаарын бохирдол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг алдагдуулах хэмжээнд тулсан байна. Үүнийг бүгдээрээ анхаарч, хамтдаа хэрэгтэй шийдвэр гаргаж, иргэд, төрийн албан хаагчид, эрдэмтэн судлаачид, ард түмэнтэй нийлж, нийтээрээ мэдээлэл өгөх байх гэж тус сонсголыг дэмжиж байгаа. Ингээд та бүхэндээ эрүүл энхийг хүсье, энэ ажлыг хариуцаж байгаа хүмүүстээ дахин амжилт хүсье.

Сонсгол даргалагч, НИТХ-ын дарга Р.Дагва: -За одоо дотоод журмын дагуу Нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясалан Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар танилцуулга хийнэ. /Танилцуулгыг хавсаргав/

 Сонсгол даргалагч, НИТХ-ын дарга Р.Дагва: “Таван толгой түлш” ХХК-ийн хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар товчхон мэдээлэл өгөөд, дараа нь судлаачдын үгийг сонсоод асуулт, хариулт руугаа орно. Ингээд “Таван толгой түлш” ХХК-ийн Ерөнхий инженер Ж.Батбилэг таныг урья. /Танилцуулгыг хавсаргав/

Судлаачид мэлээлэл хийв. /ШУ-ны академийн эрдэмтэн, нарийн бичг ийн дарга Б.Авид, Б.Дөлгөөн, Б.Энхбаатар, Ү.Амарбат нарын танилцуулгыг хавсаргав/.

Ерөнхий хяналтын сонсголд оролцогчид 11.50 цагт асуулт асууж эхлэв.

/Хурал даргалагчийн зүгээс асуулт асуух иргэдийн нэрсийг дуудав. Дуудсан нэрсийн дагуу асуулт асуухыг хурал даргалагчийн зүгээс сануулсан/

АСУУСАН НЬ:

Чингэлтэй дүүргийн VII хорооны иргэн Г.Баяртунгалаг: -Сонсгол зохион байгуулж буй та бүхэндээ баярлалаа. Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж байгаа хүнийхээ хувьд өөрийн санал, бодлоо хэлье гэж бодсон юм. Манайх энэ түлшийг хэрэглээд ойролцоогоор нэг сар болж байна. Цаг агаар дулаахан байгаа болохоор өглөөдөө л нэг галлаж байна. Түлш дулаанаа сайн барьж байгаа. Манайх ханан пийшинтэй, ердийн зуухтай айл. Түлэхэд нэг их хүндрэл байхгүй юм шиг санагдаж байна. Утаа бага ялгарч байгаа ч гадуур гарахад толгой өвддөг. Би нийтийн эргүүл хийдэг болохоороо түүнийг мэдэж байгаа юм. Долоо хоногийн хоёр өдөр тус бүр дөрвөн цаг гадуур эргүүл хийхэд орой нь толгой өвддөг. Тэгэхээр энэ агаараас шалтгаалж байгаа болов уу гэж бодож байна. Харин гэр доторх агаар ямар байгаа нь мэдэгдэхгүй байна. Миний хэлэх үг энэ л байна. Та бүхэнд баярлалаа.

Ургамал судлаач Я.Дашжамц: -Д.Баттулга дарга аа, арав гаруй жилийн өмнө нийслэлээ эрчим хүчээр хангавал ямар вэ гэж та бид таны өрөөнд ярилцаж байсан. Хоёрт, дэлхий даяар түлш түлэхийг хориглох шийдвэр гаргасны эсрэг байж болохгүй. Гуравт, 1990-ээд оны үед олон улсын судалгааны ажлаар Багануурт ажилласан. Урантай гэж гарсан. Хими, технологийн хүрээлэнгийн эрдэмтэн гэж чадвартай залуу байна лээ. Та ураны задралыг тодорхойлооч өгөөч. Ийм сонсгол зохион байгуулж байгааг дэмжиж байна.

Баянзүрх дүүргийн XXV хорооны иргэн  Ч.Ганболд: -Би хорооныхоо 20 орчим өрхийг төлөөлж энэ сонсголд оролцож байна. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, БОАЖЯ-ны төлөөлөл зэрэг албаны хүмүүсээс яагаад манай хорооны өрхийг сайжруулсан шахмал түлш хэрэглэхийг хориглож байгааг асуумаар байна. Биднийг гэрээ хий болон цахилгаанаар халаа гэдэг өртөг өндөртэй шаардлага тавьсан. Энэ эхний асуулт. Хоёрт, 2017 онд манай хорооны цахилгааныг тасалсан. Бид одоо цахилгаанаа хувийн компаниас авч байгаа. 2018 онд тухайн айлуудын газар дээр барилга барихыг хориглосон захирамж гаргасан. Бидний яаж амьдар гэж байгаа юм бэ. Би энэ асуудлаар холбогдох бүх албанд хандсан. Шийдэх арга байна уу?

Чингэлтэй дүүргийн XIII хорооны иргэн Ж.Энхбат: -Би гурван асуулт асууна. Нэгт, угаарын хийд хордож найман хүн нас барж, 500 гаруй иргэн хордлоо. Хариуцлагыг хэнд тооцсон бэ. Хоёрт, сайжруулсан түлшний нөөц хангалттай бий юү? Гуравт, угаар хэмжигч төхөөрөмжийг айл бүрт тараана гэсэн. Хэзээ тараах вэ?

Баянзүрх дүүргийн XIV хорооны иргэн: -Миний амьдардаг хороо дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх газарт орчихсон учраас хаяг минь XII хороонд байгаа учраас надад сайжруулсан түлш авах карт олдохгүй байна. Яагаад өгөхгүй байгааг тайлбарлаж өгөөч. Үүнээс гадна ярих боломж олдсон дээр нь нэг зүйл хэлмээр байна. Сайжруулсан түлшийг хүнээс гуйж аваад би хоёр удаа түлж үзсэн. Үнс их гарч, дутуу шатдаг юм билээ. Төслийн зуухны доод хавхлагыг татаад үнсийг нь унагадаг шүү дээ. Гэтэл энэ түлш үнсээ унагадаггүй юм билээ. Үнс нь их муухай үнэртэй. Тиймээс би сайжруулсан түлшинд сэтгэл ханамж нойл байна.

Сүхбаатар дүүргийн XIII хорооны иргэн Л.Баяр-Эрдэнэ: -Би Улаанбаатар хотын уугуул иргэн бөгөөд 60 жил гал түлж амьдарч байна. Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажил тун хангалтгүй явагджээ гэдгийг хэлэх гэсэн юм. “Тавантолгой түлш” компанийнхан хэлж байна, түлш нийлүүлэх үйл явцыг. Гэтэл гэрээний эрх зүйн харилцаа бүрхэг байна. Тэр гэрээг ил гаргаж, мэдээлэх хэрэгтэй байна. Хэрэв Засгийн газар солигдож, гэрээний үүрэг тасалдвал ямар нөхцөл байдалд хүрэх вэ гэдэг асуудал бүрхэг үлдэж байна. Тиймээс би энэ гэрээг тогтвортой гэрээ мөн, эсэхийг лавлаж байгаа юм.

Чингэлтэй дүүргийн XVI хорооны иргэн Чулуунцэцэг: -Миний нэг хүүхэд гэрээ цахилгаан болон түлшээр халаадаг юм. Гэтэл шахмал түлш халааж дийлэхгүй, тал нь уугьж үлдэх юм. Тэр нь хортой гэж байна. Яах ёстой вэ. Хоёрт, цаг агаар дулаан байгаа учраас утаагүй байгаа юм. Үгүй шүү. Дээрээс нь тэр түлшнээс эвгүй үнэр үнэртдэг. Энэ асуудалд хэрхэн анхаарч байна вэ?

Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбооны төлөөлөл Зоригт: -Миний бие хэсэг нөхдийнхөө хамт 1994 оноос эдүгээг хүртэл 24 жил шахмал түлшийг судаллаа. Өөрийнхөө амьдралд тохиолдсон зовлонгоо та бүгдтэй хуваалцъя. Эхний үед хэцүү байсан. Чүлтэмсүрэн гэдэг хүн Налайх дүүргийн Засаг дарга байхдаа бидэнд байр гарган өгч, биднээр нунтаг нүүрсээр шахмал түлш хийлгүүлсэн. Ямар ч нүүрсээр шахмал түлш хийж болно. Утаа гарахгүй. Харин дутуу шатсан хий агаарт дэгдэж, хүн хорддог юм. Тиймээс ердийн зуухныхаа яндангийн диаметрийг томосгох хэрэгтэй. 120-130 мм буюу бүдүүн болгоно гэсэн үг. Байшинг хамгийн сайн халаадаг зүйл нь ханан пийшин. Харамсалтай нь, та бид ханан пийшингээ ашиглаж чадахгүй байна. Байшинд оршин суудаг хүмүүс яндангаа байшингийнхаа нуруунаас 50 см өндөр байлгах хэрэгтэй. Мөн дулаалах хэрэгтэй.

Сүхбаатар дүүргийн XII хорооны иргэн: -Манай хороо буюу 32-ын тойрог орчим бол хонхор газар учраас утаа их суудаг байсан. Өнөө жилийн хувьд цаг агаар дулаан байгаа учраас утаа шингэн байх шиг байна. Гэхдээ хувь хүнийхээ хувьд би сайжруулсан түлш үүнд нөлөөлж байгаа гэж бодож байна. Манайх хашаандаа гурван гэрээрээ гал түлж амьдардаг. Өглөө 08.00 цагт галлахад оройн 20.00 цаг хүртэл дулаанаа барьж байгаа. Утаа өргөс авчихсан юм шиг арилчихгүй. Тиймээс бүгдээрээ хамтраад, ийм сонсгол зохион байгуулж бүгд ойлголт авч байгаа байх. Би нэг санал хэлэх гээд байгаа юм. Иргэд үүргээ мэдэхээ байж. Дандаа эрхээ ярьж, удирдах албан тушаалтнуудыг загнадаг болж. Пийшингээ шинэчлж, сайжруулаад, яндан зуухаа хөөлчих хэрэгтэй. Онгорхой цоорхойгоо бөглөчих хэрэгтэй.

Баянгол дүүргийн Х хорооны иргэн: -Манайх нийтдээ хэсгийн 12 ахлагчтай. Орон тооны бус 42 хүн ажиллаж байна. 06.00-22.00 цаг хүртэл бид ажиллаж байна. Ямар багажаар хэмжиж, ямар үзүүлэлтээр утаа багассан гэж яриад байга юм бэ. Одоо 18.00 цагт харанхуй болж байна. Хэн нь нүүрс, хэн нь сайжруулсан түлш түлж байгааг яаж ялгаж байгаа юм бэ. “Тавантолгой түлш” компанийн хүмүүсээс асууя. Манай хороонд түлш борлуулах дөрөвхөн цэг бий. Хоёр нь гэрээт. Гэрээт цэгийн түлш тасралтгүй ирдэг. Гэтэл нөгөө хоёр иргэний захиалга ирдэггүй. Тэгсэн атлаа түлш борлуулах цэгийн тоог олшруулна гэдэг. Ийм иргэдийг яаж дэмжих юм бэ?

/Сонсгол зохион байгуулах хүсэлт гаргасан төлөөлөгчдийн нэг Ц.Баатархүү сонсгол даргалагчаас зөвшөөрөл авч үг хэлэв/

ҮГ ХЭЛСЭН НЬ:

НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү: -Та бүхэнд асуух асуулт, хэлэх санал олон бий байх. Би сонсгол даргалагчтай ярилцаад санал хэлэхээр ирсэн бүх хүмүүсийн саналыг хэлүүлэхээр боллоо. Нийтийн сонсголын тухай хууль, Нийтийн сонсгол сонсгол явуулах журмын дэгээр сонсгол зохион байгуулах хүсэлт гаргасан 12 хүн асуултаа та бүхний өмнө асуух ёстой. Та бүхний асуулт давхцаж байна. Тэгэхээр эхлээд төлөөлөгчид асуултаа асуухаар та бүхний асуулт давхцаж байгаа, эсэхийг харъя. Болох уу. Давхцаж байвал асуулт асуух хүн цөөрөөд, асуулт хариултаа үр дүнтэй явуулахгүй бол нийтийн сонсгол үр дүнгүй байж магадгүй. Саналаа бол бүх иргэн хэлнэ. Ямар нэгэн хязгаарлалт байхгүй. Бүгдээрээ ийм дэг дээр гар өргөж, тохироод төлөөлөгчид та бүхний өмнөөс “Тавантолгой түлш” компани, Засаг даргын асуудал хариуцсан орлогч, төслүүдийн удирдагч нараас тодорхой асуугаад та бүхэн саналаа хэлбэл ямар вэ гэсэн горимын санал оруулж байна.

/Төлөөлөгч Ц.Баатархүүгийн гаргасан горимыг саналыг зөвшөөрч, сонсголыг үргэлжлүүллээ. Ингэснээр гурван төлөөлөгч асуултуудыг базаж асуухаар болов/

АСУУСАН НЬ:

НИТХ-ын төлөөлөгч Ц.Тулгат: -Сайжруулсан түлшний дээжийн шинжилгээний хариуны талаар мэдээлэл өгч байна. Улаанбаатар хотын агаарын чанарын мониторингийн дүгнэлт бас харагддаг. Миний асуумаар байгаа зүйл бол шаталтын шинжилгээ хийгдсэн, эсэх юм. Хоёрт, зуухан дээрх шинжилгээ, туршилт яг яаж хийгдсэн юм бэ. Өнгөрсөн 02-р сарын 15-нд гарсан сайжруулсан түлш ердийн зууханд тохиромжгүй дүгнэлт гарсан гэдэг мэдээлэл эрдэнэт хүний амь үрэгдэх үеэр гарсан учраас Нийтийн сонсгол явуулъя гэдэг саналыг яагаад гаргасан юм. Тийм дүгнэлт үнэхээр гарсан юм уу. Гарсан бол яагаад арга хэмжээ аваагүй вэ. Эсвэл авсан арга хэмжээ нь дутуу байсан юм уу. Дараагийн асуулт. Мэдрэгчтэй холбоотой асуудал яригдаж байна. Айлуудад угаарын дохиолол тараая гэж  бодъё. Техник, тоног төхөөрөмжийн алдаанаас болоод дутуу мэдэрдэг, магадгүй зарим тохиолдолд мэдрэгч нь дуугарсан тохиолдолд унтаж байгаад угаартах вий гэсэн эрсдэлүүд тооцсон уу. Эдгээр асуултад хариулт авъя.

НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг: -Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний бие нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн хувиар Ерөнхий сайдад хандан хэвлэлийн бага хурал хийж, аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөх, тэр дундаа бүх төрлийн зууханд түлж болохгүй гэсэн дүгнэлт гарчихаад байхад түлшний уутан дээр бүх зууханд түлэхэд тохиромжтой гэж бичээд хүний амь эрсдэхэд хүргэсэн явдалд ямар нэгэн албан тушаалтанд хариуцлага тооцсон уу, үүнд хариу өгөөч гэсэн. Гэвч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна. Тэгэхээр энэ асуултуудаа энд байгаа хүмүүсээс асууя. Төлөөлөгчийн хувиар зарим иргэн асуулт илгээсэн. Тэд “Гаалиар оруулж ирж байгаа бүтээгдэхүүн чинь химийн бодис гэдэг нэртэйгээр орж ирдэг юм байна. Гэтэл холбогдох хүмүүс буруу мэдээлэл өгч байна” гэдэг мэдээлэл өгсөн. Гаалийн ерөнхий газрын лаборатори, шинжилгээний газраас гаалийн бүрдүүлэлт хийж байгаа албан тушаалтнууд байна уу. Гаалийнхан аюулгүй гэдэг дүгнэлт гаргасан. Харин эрдэмтдийн ярьж буйгаар орц, найрлага нь аюулгүй боловч шатахаараа хүний аминд аюултай хий ялгаруулж байна гэдэг дүгнэлт гаргасан байна. Тиймээс энэ талаар хийсэн туршилт байна уу, гэж гаалийнхнаас асуумаар байна. Дээрээс нь барааны тэмдэгтийн ашиглалтын кодоо ямар бүлэгт хамааруулдаг юм бэ. Үүнээс гадна барааны зориулалтаа юу гэж бичиж бүрдүүлэлт хийдэг юм бэ гэдгийг асууя.

НИТХ-ын төлөөлөгч Ё.Цацралтуяа: -Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би Хан-Уул дүүргийн VIII хорооны Засаг дарга хийдэг. Иргэд толгой өвдөж байна гэдэг асуудлыг бүгдээрээ тавьж байна. Толгой өвдөж байгаа нь юутай холбоотой вэ. Хүхэр их байгаагаас болж байна уу. Энэ асуултад тодорхой хариулж өгөөч. Нийт айл өрхийн хэд нь энэ нүүрсийг түлэх боломжтой зуухтай байгаа юм бэ. Иргэдийн олонх нь айгаад сайжруулсан түлшийг түлж чадахгүй байгаа. Тийм учраас энэ түлшийг түлж болно гэсэн баталгаа гаргаж, яаж түлэх ёстой вэ гэдгийг мэдүүлэхийн тулд бид Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байгаа юм. Энд сууж байгаа хүмүүс мэдээллээ хангалттай аваад, бусдадаа хэлэх учраас албанахан сайн хэлж өгөх шаардлагатай байна. Дээрээс нь сайжруулсан шахмал түлшийг хэрэглэхтэй холбоотой ямар төслүүд хэрэгжиж байна вэ. Зарим хэсгийн айлуудаар яваад янданг нь хөөлөх ч гэдэг юм уу, төсөл явж байгаа. Гэтэл  холбоо хамаарал дутуу учраас мэдээллээ дутуу өгч байна.

ХАРИУЛСАН НЬ:

“Тавантолгой түлш” ХХК-ийн ерөнхий инженер Ж.Батбилэг: -Түрүүн судлаач Б.Дөлгөөн хэлсэн, шаталтын урьдчилсан шинжилгээ бараг хийгдээгүй гэж хэллээ. ШУТИС-ийн Дулааны геоэкологийн хүрээлэнгийн зуухны туршилтын төвд манайх олон туршилт хийсэн. Жилийн турш хийж байгаа. Мөн шаталтын туршилтыг нийслэлийн ЗДТГ-ын Агаарын бохирдолтой тэмцэх газрын гэрийн ба халаалтын зууханд агуулагдах хор хийн агууламжийг тодорхойлох стандартын дагуу байнга хийж байна. Сард хоёроос цөөнгүй удаа шинжилгээ хийдэг. Дээрээс нь нэмж хийхэд дотоодын болон гадаадын лабораторид шилжүүлсэн хариу олон улсын 160 улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораторид шинжлүүлэхэд хариу ижил гарсныг дуулгах нь зүйтэй болов уу. Хүхрийн талаар асуусан байна. Олон улсын дунджаар түлшинд агуулагдах хүхрийн агууламжийг нэг хувиас хэтрүүлэхгүй гэсэн заалт байдаг. Гурван хувийн хүхэртэй байх юм бол түүнийг тусгай хүхэр ялгагчтай зууханд шатаана, таван хувийн хүхэртэй байвал шууд хориглоно гэсэн заалттай. Монгол Улсад байдаг нүүрсний 250 гаруй ордын дийлэнхийх нь хүхрийн агууламж нэгээс доош байна. Багануурын нүүрсний хүхрийн агууламж 0.5 хувь байдаг. ОХУ, БНХАУ бүх төрлийн түлшний хүхрийн агууламж нэг хувиас доош байвал ямар ч төрлийн зууханд шатааж болно гэсэн хуультай. Тэгвэл манай компанийн үйлдвэрлэсэн түлшний хүхрийн дундаж агууламж 0.86 хувь байна. Бид хүхэр бууруулах технологи хийж байгаа. Монгол барьцалдуулагчны технологийг гаргаж авсан. Гурав хоногийн өмнөх шинжилгээгээр 0.62 хувь болгон бууруулах туршилтын үр дүн гарсан. Тэгэхээр бид барьцалдуулагчийг гаднаас авахгүй дотоодын түүхий эдээр хийх зорилт тавьж байгаа. Дулаан техникийн дүрэм гэж бий. Дэгдэмхий бодисууд 550 хэмд нэг секундэд шатдаг гэдгийг судлаач Б.Энхбаатар үнэн хэллээ. Зуухны галын голч хэм 800, түүнээс 10 см-т цацарч байгаа хэм 600-700 байдаг гэдгийг дулааны техникийн эрдэмтэн, судлаачид тогтоосон. Судлаачийн хэлсэн 400-500 хэм гэдэг бол зуухны гадаргуун хэм юм. Дээрээс нь дэгдэмхий хийг бүрэн шатаахын тулд ялангуяа, сайжруулсан зууханд эргэх хэм гэж байдаг. Ялгарч буй хий дөл дунд орж шатдаг гэсэн үг. Тэгэхээр дэгдэхий хий агаарт ялгарч байна гэдэг өрөөсгөл юм. Хүйтрэхээр таталт сайжрах, эсэхийг лавлаж байна. Сайжирдаг. Хүйтрэхээр ямар ч зуухны таталт сайжирдаг. Тийм учраас цаг уурын шилжилтийн үед угаартах тохиолдол олон гардаг. “Тавантолгой түлш” компанийн “Энержи ресурс” компанитай хийсэн гэрээ бол нэг жилийн хугацаатай 600-800 мянган тонн түлш үйлдвэрлэх гэрээ бий. Үүнийг нуусан зүйлгүй. 2018 оны дөрөвдүгээр сард бид газар дээр ажиллаж, компанийн удирдлагатай уулзахад таван жилийн хугацаанд гэрээг баталгаажуулна гэж аман хэлбэрээр тохиролцсон. Батцэнгэл захирал хэвлэл, мэдээллийн хэрэгслээр таван жилийн хугацаанд гэрээ хийхээр тохирсон гэж хэлсэн. Энэ гэрээг хийчихсэн байгаа. Тэгэхээр нөөцөнд таван жил санаа зоволтгүй. Түлшний тал нь шатаад, тал нь үлдэж байна, тэр нь хортой гэж байна. Бид түлш хийхдээ гадна талыг нь бөөрөнхий байдлаар удаан шатах зохимж хийсэн юм. Хэрэглэгчийн мөнгийг хэмнэж, температурыг удаан хугацаанд жигд бариулах үүднээс.  Энэ зохиомжийг олон улсад хийдэг. Түлшний хэмжээг жижигрүүлж, дунд нь нүх гаргаж болно. Хэрэв тэгвэл агаарын солилцоо нэмэгдэж, шаталт хурдасна. Дулаанаа хурдан алдана гэсэн үг. Барьцалдуулаг материалын талаар асууж байна. БНХАУ-ын лабораторид хийсэн шинжилгээгээр кальцийн ислийн агууламж нь 20-40 хувь хүртэл, хөнгөн цагааны ислийн агууламж нь 12-16 хувь хүртэл, төмрийн ислийн агууламж 4-5 хувь гэх мэтээр жирийн шаварт байдаг шинжилгээний дүнгүүд эрдсийн шинжилгээний дүнгээр гарч байгаа юм. Үүнд хортой зүйл байхгүй. Төмрийн исил бол төмрийн хүдэр. Хөнгөн цагааны исил хурдан барьцалддаг тул түлшинд зориуд оруулж өгсөн элемент. Хөнгөн цагаан хоргүй. Кремийн исил буюу силициум О2 хамгийн их агуулагддаг. Энэ бол элс. Найрлагад орсон үндсэн бүтээгдэхүүний шинжилгээг хийж үзэхэд яг ийм дүн гарч байгаа.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Х.Галымбек: -Тавигдсан хоёр асуултад хариулъя. Түрүүн Б.Дөлгөөн судлаач хэлсэн 153 мянган зууханд судалгаа хийхэд 53 орчим мянган нь сайжруулсан, 100 мянга нь уламжлалт зуух байна гэж хэлсэн. Энэ бол үнэн тоо. Ц.Тулгат төлөөлөгч бас асуусан, зуухнуудад туршилт хийсэн үү гэж. Бүх төрлийн зууханд туршилт хийсэн. Хэрэглээний, экологийн, техникийн гэсэн гурван үзүүлэлтээр туршилт хийсэн. Хэрэглээний үзүүлэлтээр сайжруулсан зууханд ямар ялгаа байсан вэ гэхээр асуулт хоёуланд нь сайн байсан. Гэхдээ уламжлалт зууханд 200 хэмээс дээш үргэлжлэх хугацаа сайжруулсан зуухныхаас богино буюу 100 минутаар бага байсан. Эргээд ширмэн дээрх температур 250 хэмээс дээш байсан. Тэгэхээр энэ зуух хэрэглээнд тохирох юм байна гэсэн үзүүлэлт гаргасан. Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр үйлдэгдэж байгаа MNS:522016 гэдэг стандартад тавигддаг экологийн дөрвөн үзүүлэлтээр 15 туршилт хийхэд сатндарт хангаж байгаа үзүүлэлт гарсан. Үүнээс гадна усан халаалтын зууханд туршилт хийсэн. 2019 оны 02-р сард хийсэн туршилтаар тохиромжгүй гэдэг дүн гарсан. Өөрөөр хэлбэл, хүчин чадал ихтэй зууханд тохирохгүй байна гэсэн. Мэдрэгчийг туршсан, эсэхийг асуусан. Улаанбаатар хотод түгээмэл ашигладаг таван төрлийн угаар мэдрэгчийг Баянхошуу орчимд хэмжилт хийсэн. Ингэхдээ угаар мэдрэгчийг таазан дээр 1.5 метр буюу амьсгалын түвшинд суурилуулсан. Эргээд унтах түвшин буюу 0.8-1 метрийн түвшинд суурилуулсан. Ингээд зохиомол угаартах арга хэмжээг үүсгээд 200ппм буюу угаартах, толгой өвдөх нөхцөлийг зохиомлоор үүсгэхэд угаар мэдрэгч дуугарч эхэлсэн. Дуу нь байшингийн хаалгыг хаасан байхад гадаа нь сонсогдож байсан. Мэдээж сул тал бий. Настай хүн сонсохгүй байх магадлалтай. Мөн батерей нь муудсан тохиолдолд дохионы дуу нь бага байж магадгүй. Үүнийг дэлхийн бүх улсад ашигладаг.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга Д.Ядамдорж: -Та бүхний амрыг эрье. Би хэдэн тоо баримт хэлье. Сүүлийн 10 жилд 118 тохиолдолд 158 хүн улсын хэмжээнд хордож нас барсан. 2019 оны 10-р сарын 19-нөөс хойш хүн угаарын хийд хордож, нас бараагүй. Мөн дуудлагын тооны үзүүлэлт буурч байгаа. Угаарын дуудлагын дагуу манай алба хаагчид хамгийн түрүүнд очдог. Шалтгаан нөхцөл нь юу вэ гэж асууж байна. Зуухны төрлөөр авч үзсэн. Гэрт 101, байшинд 202, зуухны төрлөөр авч үзвэл уламжлалт зуух 203, төслийн зуух 86, нам даралтын зуух дуудлагаар очиж үзэхэд зургаа байсан байна. Ханан пийшинтэй 86 байсан. Шалтгаан нөхцөл нь зуух, ханан пийшин нь эвдэрсэн 73 тохиолдол байсан байна. Зуух, яндангийн холбоос завсартай 34 тохиолдол байсан байна. Яндан хөө, тортогтой 30, үнс нь дүүрсэн 44, түлшээ дүүртэл хийсэн 85, яндан нь намхан 35, яндангийн хаалтыг хаасан 69, тодорхойгүй 50 тохиолдол байсан. Зуух нь дэлбэрсэн гурван тохиолдол дээр очиж ажилласан байна. Нийтдээ долоон тохиолдолд найман хүн нас барсан. Манай Мөрдөн шалгах газар хэрэг дээр шалгалт хийж байгаа. Олонх нь түлшний хэрэглээтэй байгаа. Хэргийн шалгалтын явцыг прокурор хянаж байгаа. Хэн нэгэн албан тушаалтан хариуцлага хүлээх, эсэхийг прокурор шийднэ. Хугацаа нэлээд шаардлагатай. Дөрвөн тохиолдлынх нь дүгнэлт гарсан, үлдсэнийх нь удахгүй гарах байх.

Үүний дараа сонсголыг дэгийн дагуу үргэлжлүүлэхээр сонсгол даргалагч үг хэлэв.

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.