Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө
2019/07/04
04
7 сар

Нийслэлийн ИТХ-аас Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн ажлын явцтай танилцах, дүгнэлт гаргах үүрэг бүхий байгуулсан Ажлын хэсэг өнөөдрийн хуралд дүгнэлтээ танилцууллаа. Ажлын хэсгээс тогтоолын хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосон. Тухайлбал, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах таван агуулахыг яаралтай барьж ашиглалтад оруулах, агуулахын тоог нэмэгдүүлэх чиглэлээр нийслэлийн хэмжээнд байгаа агуулах, агуулахын зориулалтаар ашиглаж болохуйц газруудыг яаралтай судалж, боломжтой хувилбарыг сонгож ашиглахыг үүрэг болголоо. Мөн газрын асуудал шийдвэрлэгдсэн 107 байршилд сайжруулсан шахмал түлш нөөцлөх, борлуулах бөөний цэгүүдийг яаралтай байгуулах, борлуулалтын жижиглэнгийн 533 цэгийн үйл ажиллагааг жигдрүүлж, ирэх наймдугаар сард багтааж үйл ажиллагааг нь эхлүүлсэн байхыг мөн даалгасан. Жижиглэнгийн цэгүүдийн тоог хүртээмжтэй, иргэдэд ойр, оновчтой байршилд байхаар судалж, сонгох, борлуулалтын гэрээ байгуулах ажлыг шуурхайлж, үнэ нэмэхгүй байх тал дээр онцгойлон анхаарч ажиллахыг мөн үүрэг болголоо. Түүнчлэн сайжруулсан шахмал түлшийг борлуулах картын системийн талаарх хэрхэн ашиглах, төлбөр тооцооны уян хатан ямар нөхцөлтэй байх зэрэг асуудлыг тодорхой болгож, ирэх есдүгээр сар гэхэд бүрэн нэвтрүүлсэн байхыг үүрэг болгов. “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн түлшийг бусад чанарын шаардлага хангахгүй шахмал түлшнээс ялгах, таних тэмдэг, лого шошго бүхий савлагаа, түлш борлуулах цэгийн хаяг байршил, холбоо барих утас, картын систем зэргийг иргэдэд таниулан сурталчилж ажиллахыг даалгалаа.

Нөгөөтэйгүүр нийслэлийн хэмжээнд хийн түлшээр ажилладаг автомашины хэрэглээг дэмжих, дугаарын хязгаарлалтгүйгээр зорчуулах, онцгой албан татварын хувь хэмжээг тэглүүлэх асуудыг холбогдох газруудад уламжилж шийдвэрлүүлэх талаар мэн үүрэг өгсөн юм. Ингэснээр агаарын бохирдлыг бууруулах үр дүнтэй хэмээн үзсэн байна. Мөн нийслэлийн хэмжээнд зөвхөн цахилгаан халаалт ашиглаж буй аж ахуй нэгж иргэдэд цахилгааны шөнийн тарифыг тэглэх асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болгосон. Цахилгааны халаагуур ашиглах хүсэлтэй иргэд, аж ахуй нэгжүүдэд тоног төхөөрөмж худалдан авахад зориулан гадаад дотоодын эх үүсвэрээс хөнгөлөлттэй зээлд хамруулах боломж нөхцлийг судалж танилцуулах чиглэлийг мөн өгсөн. Цахилгааны халаалтын тоног төхөөрөмж үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг 10-аас дээш жил эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдийг нэмүү өртгийн албан татвараас тодорхой үе шаттай чөлөөлөх саналыг холбогдох газарт уламжилж шийдвэрлүүлэх, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж нийлүүлэх, ашиглах талаар мэргэжлийн инженер, судлаач эрдэмтдийг оролцуулсан Ажлын хэсэг байгуулан судалж, танилцуулахыг мөн үүрэг болгосон юм.

 Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.