Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
“Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК-ийн дүрэмд өөрчлөлт орууллаа
2019/05/30
30
5 сар

Нийслэлийн ИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар “Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэх асуудалтай холбогдлуулан төлөөлөгч П.Баярхүү “Энэ компани байгуулагдаад гурван жил болсон дорвитой ажил хийгээгүй. Оруулж ирж байгаа дүрмийн өөрчлөлтөд зарим зүйлийг нарийн тусгах хэрэгтэй байсан. Тухайлбал, төсвийн мөнгөөр хийх ажил руу орж, давуу байдлаа ашиглан хувийн хэвшлийн хийж болох ажлыг аваад байж болохгүй. Бодлогын түвшинд, зөвлөх, дэмжих чиглэлээр ажиллах ёстой” гэсэн саналыг хэлсэн.

Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Яг үнэндээ Ардчилсан намын үед байгуулсан “Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК байгуулагдсанаасаа хойш дорвитой ажил хийгээгүй нь үнэн. Хувийн бизнес хийдэг хүмүүс цугласан, хулгай хийдэг газар болсон байсан. Тиймээс л өөрчилье, шинэчилье, ном журмаар нь ажилуулъя гэж энэ дүрмийн өөрчлөлтийг хийж байгаа” гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Энэ байгууллага жигд тогтмол, өгөөжтэй ажиллах ёстой. Гэтэл хууль давсан дүрэмтэй байсан болохоор өөрчлөлт оруулах гэж байгаа. Тиймээс хууль дүрэмд нийцүүлж өөрчилж байгаа юм. Нэгэнт урсгал зардлыг нь дааж байгаа юм чинь эдийн засгийн үр өгөөж нэхэх ёстой” гэсэн юм. Ийнхүү тус асуудлыг хуралдаанд оролцсон төлөөлөгчид санал нэгтэй дэмжлээ.

Нийслэлийн ИТХ-ын үдээс хойших хуралдаанаар мөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн дүрэм батлах тухай, Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тус тус хэлэлцэх товтой байсан.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн дүрэм батлах тухай асуудлыг хэлэлцэхэд тодруулах зүйлс байгаагийн дээр төлөөлөгчдийн саналыг тусгах шаардлагатай хэмээн үзэж ирэх зургаа дугаар сарын 30-ны өдөр болох хуралдаанаар хэлэлцэхээр хойшлуулах горимын саналыг төлөөлөгч Ц.Байгалмаа, Н.Батсүмбэрэл нараас гаргасан. Тиймээс нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөөс гарсан саналыг хүлээн авч, дүрэмд тусгаж оруулж ирэх чиглэл өгч уг асуудлыг хойшуулсан юм.

Мөн Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхэд төлөөлөгчдийн ирц хангалтгүй гэж үзсэн учраас ирэх долоо хоногийн пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр хойшлууллаа.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.