Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ё.Цацралтуяа Хан-Уул дүүргийн II хорооны иргэдтэй уулзлаа
2019/05/23
23
5 сар

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч Ё.Цацралтуяа өөрийн сонгогдсон Хан-Уул дүүргийн II хорооны иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь хүлээн авч, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа.

Иргэдийн зүгээс орон сууцнуудын дундах авто замууд муудсан, автозогсоол хүрэлцээгүй, борооны ус зайлуулах шугам хоолой шаардлага хангахгүй байгаа зэрэг олон асуудал хөндсөн. Тухайлбал, тус хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наба сан” нэртэй байгууллага барилгын суурь цутгаад орхисон нь дулааны улирал ирж буйгаас үнэр орж, бохир орчин бий болоод байгааг хэллээ. Үүнээс шалтгаалан иргэдийн эрүүл аюулгүй тав тухтай амьдрах эрх зөрчигдөж байна хэмээсэн юм. Мөн хорооллын дундах явган хүний зам дээр машин байршуулдгаас иргэд зорчих боломжгүй болдог, өвлийн улиралд мөстөж, зуны цагт ус тунадаг гээд олон бэрхшээл байгааг төлөөлөгчдөө дуулгасан. Түүнчлэн архидалт газар авч, айл өрхүүдийн амгалан тайван байдлыг алдагдуулж буй ч мөн хэлж байв. Хуучны орон сууцнуудын дээвэр муудсанаас дээд давхарт оршин суудаг айлууд руу дусаал гоожиж, тав тух муутай амьдарч байгаа гэсэн юм. Хан-Уул дүүргийн иргэдийн үйлчлүүлдэг ахуйн үйлчилгээний тохижилтод анхаарах цаг болсныг хэлээд тус төвөөр үйлчлүүлж буй иргэдээс автозогсоолын төлбөр авч байна гэсэн гомдлыг ч мөн гаргалаа.

Тэгвэл нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ё.Цацралтуяагийн зүгээс “Иргэдээс гарсан саналуудыг хүлээн авч эрэмбэлээд шийдвэрлэхийн төлөө ажиллана. Өнгөрсөн хугацаанд ч мөн иргэдийн өмнө тулагмдаж байгаа аливаа асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө нийслэлийн ИТХ-ын хуралдаан, Тэргүүлэгчдийн хуралд дуу хоолойгоо идэвхтэй хүргэж байгаа. Гэхдээ зарим асуудлыг дүүргийн түвшинд шийдвэрлэх боломжтой байдаг бол заримыг нь УИХ-ын түвшинд ярьж байж ажил болдог” гэдгийг учирласан. Харин дахин төлөвлөлт хийхээр төлөвлөсөн газруудад тохижилтын ажил хийхгүй гэдгийг тэрбээр хэлсэн. Нэгэнт төлөвлөлт хийх газарт төрийн мөнгөөр тохижилт хийх нь үр дүнгүй, татвар төлөгчдийн мөнгийг хийсгэсэн хэрэг болно гэсэн юм.  

Зам харгуй муу, автозогсоол төлбөртэй болсон зэрэг иргэдээс гарсан санал гомдлын хариуд нийслэлийн Авто замын газраас “Хан-Уул дүүрэг бусад дүүргүүдээс харьцангуй шинэ, залуу замуудтай. Гэхдээ засч сайжруулах шаардлагатай замууд бий. Дахин төлөвлөлт хийхээр төлөвлөсөн байршлуудад замтай холбоотой ямар нэгэн ажил хийх боломжгүй. Харин үйлчилгээний төв, хотхон хорооллуудын дундах автозогсоолуудад төлбөр төлж буй асуудал байж болохгүй. Үүнд бид шалгалт явуулъя. Хууль, журмын дагуу замын сан бүрдүүлэх гэрээ хийгээгүй хэрнээ иргэдээс төлбөр авч байгаа зөрчил илэрвэл шаардлагатай арга хэмжээ авна” гэсэн хариулт өглөө.  

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.