Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Цахилгааны хөнгөлөлтөд хамруулах төр болон гурван талт уулзалт боллоо
2019/01/31
31
1 сар

Өнөөдөр /2019.01.31/ нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Т.Батцогтын санаачилгаар нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудыг “Цахилгааны хөнгөлөлтөд хамруулах тухай” төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын гурван талт нээлттэй уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад Эрчим хүчний зохицуулах хороо, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд оролцов.

Төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын гурван талт нээлттэй уулзалтыг санаачлан зохион байгуулж буй нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Т.Батцогтын зүгээс “Төр засаг нь гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх тухайд ямар төвшинд анхаарч ажиллаж байна вэ гэдэг нь бидний уулзалтаас харж болохоор байна. Асуудлыг шийдвэрлэх төрийн байгууллагуудын төлөөлөл энэ танхимд цугласан учир хамтдаа гаргасан хүсэлт, саналуудыг холбогдох байгууллагын удирдлагууддаа уламжлан хүргээрэй гэж та бүхнээс хүсэж байна. Учир нь энэ ажил хэн нэгэн улс төрч, аль нэг намын санаачилга биш юм. Улаанбаатар хотын жирийн иргэний, иргэдийн гаргасан санал санаачилга гэдгийг санах хэрэгтэй. Иймд аж ахуйн нэгжид үзүүлэх цахилгааны хөнгөлөлтийн асуудлыг хуулийн хүрээнд шийдэх боломжгүй гэж байна. Боломжгүй зүйл гэж байхгүй. Үнэхээр гамшгийн хэмжээнд хүрсэн утаанаас сална гэж шийдсэн бол холбогдох нэгж нь гаргалгаа болсон хуулийн өөрчлөлтийг хийх талаас нь ажиллах ёстой. Эрчим хүчний зохицуулах хороо энэ асуудлыг онцгойлон анхаарч ажиллах хэрэгтэй. Ядаж Улаанбаатарын утаа багастал тэр хугацаанд цахилгааны төлбөрийг хөнгөлөх боломж байж болох юм. Өдрийн хоолоо аргалж амьдарч байгаа иргэд өртөг өндөртэй цахилгаан халаагуур аваад хэд дахин өссөн цахилгаан хэрэглээний төлбөр төлнө гэдэг бодит байдал биш шүү. Иймд аж ахуйн нэгж, байгууллагуудрүү хандаж ажиллах нь хорт утаа ялгаруулагч яндангийн тоог богино хугацаанд бууруулж болох бодит үр дүн гэж харж байна” хэмээн  хэлсэн үгэндээ онцлов.

Эрчим хүчний зохицуулах хорооноос холбогдох хууль журмын дагуу гэр хорооллын айл өрхөд цахилгааны хөнгөлөлтийг техникийн боломж нөхцөл, цахилгааны хүчдэлд тохируулан тодорхой хязгаартайгаар үзүүлж байна. Тухайлбал нэг сард 100% хөнгөлөлтийг 220В дээр 700кв/цаг, 380В дээр 1500кв/цаг хүртэл хөнгөлөөд, түүнээс дээш бол 50% хөнгөлөлт үзүүлж байгаа тухай Эрчим хүчний зохицуулах хорооны Хэрэглэгч орон нутгийн хэлтсийн Ахлах мэргэжилтэн Н.Болормаа танилцуулав. Тэрээр хэлсэн үгэндээ “Тухайн хууль тогтоолд ямар нэгэн байдлаар аж ахуйн нэгжид хөнгөлөлт үзүүлэх тухай тусгагдаагүй байгаа тул өнөөдрийг хүртэл энэ чиглэлд арга хэмжээ хэрэгжүүлээгүй байна. Мөн техникийн талаасаа гэр хорооллын өрхийн хэрэглээнээс давсан ачаалал хүлээн авах боломжгүй байна” гэдгийг онцолсон юм.

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 150 мянга гаруй хэрэглэгчтэй гэрээ хийн Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан тогтоолын дагуу шөнийн тарифын хөнгөлөлтийг үзүүлж ажиллаж байна. 2017-2018 онд шөнийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдсэн тухай тус байгууллагын Техникийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Т.Батцэцэг хэлсэн үгэндээ онцоллоо. Тухайлбал Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний шөнийн хэрэглээ өмнөх оноос 6,4%-аар, үүнээс гэр хорооллын ачаалал 20%-аар нэмэгджээ. Энэ нь нийслэлийн эрчим хүчний шөнийн хэрэглээний ачааллын 87% нь гэр хорооллын шөнийн тарифийн хөнгөлөлттэй холбоотойгоор хүсэлт ирүүлсэн байна. Ийнхүү холбогдох байгууллагууд өнөөдрийн байдлаар хэрэгжүүлж буй ажлын үр дүн, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудыг товчхон танилцуулав.

Уулзалтад ирсэн аж ахуйн нэгжийн төлөөллүүд өөрсдийн санал хүсэлтээ хэлсэн. Хэдийгээр аж ахуйн нэгж гэж бүртгэгдсэн ч өрхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, жижиг хэмжээний бизнес нь цахилгааны төлбөр болон түлш авах төлбөрөө ч төлж дийлэхгүй хэмжээнд хүрч, хүндхэн нөхцөл байдалтай байна гэдгийг бүгд хэлж байлаа. Иймд эрчим хүчний хэрэглээг аж ахуйн нэгжүүдэд тусгайлан анхаарч, өдөр шөнийн хэрэглээг зохицуулах, цаашлаад төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлыг эрчимжүүлэхийг санал болгов.

Нээлттэй уулзалтын дүнд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудыг цахилгааны төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлд хамруулах тухайд холбогдох байгууллагад санал хүргүүлэх хэрэгтэй гэдэг шийдвэрт хүрч уулзалт амжилттай боллоо.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

 

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.