Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Төсөл дэмжих тухай
2018/10/09

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

2018 оны 10 сарын 09 өдөр                       Дугаар 155                                    Улаанбаатар хот  

 

Төсөл дэмжих тухай 

 

 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “ж” дэх заалт, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1.”Уншлагыг дэмжих-2021” төслийг хавсралтаар баталж, хэрэгжүүлэхийг дэмжсүгэй.

2.”Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-тэй уялдуулан төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авч, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /С.Батболд/-д үүрэг болгосугай.

 

                                                                                             

ДАРГА                                       С.АМАРСАЙХАН

 

 

 

 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын

09-ний өдрийн 155 дугаар тогтоолын хавсралт

 

“УНШЛАГЫГ ДЭМЖИХ - 2021” ТӨСӨЛ

Нэг. Ерөнхий мэдээлэл

“Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого / 2014- 2024 /, Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн ИТХ-ын  Нийгмийн хөгжлийн хороо, Нийслэлийн боловсролын газартай хамтран хэрэгжүүлж буй “Монгол хүн” хүмүүжлийн аяны удирдамжийг үндэслэн боловсруулж байна.

Нийгмийн тогтвортой хөгжлийг хангах үүднээс иргэн бүрд хүртээмжтэй, чанартай боловсрол олгох, насан туршийн боловсролын үндэсний тогтолцоог бүрдүүлэх, мэдлэгт суурилсан нийгмийг байгуулж, үндэсний ёс заншил, өвийг тээж, уламжлан үлдээх чадвартай, бүтээлч, санаачилгатай монгол хүнийг бэлтгэх зорилтыг хэрэгжүүлэхэд нийслэл, орон нутгийн бодлого, боловсролын дэд бүтцийг хөгжүүлэх ажил ихээхэн чухал үүргийг гүйцэтгэдэг.

Эрдэмтэн судлаачдын (Тайра Масато 2010) олон жилийн судалгааны ажил, туршлага дээрээ үндэслэн, хүний сурах чадамж бүхэлдээ уншиж ойлгох чадвараас, эх хэлний чадамжаас хамаардаг болохыг баталж, тэдгээр чадвар, чадамжуудыг уншиж сургах зөв хандлага, ажиллагаа, байнгын уншлагын үр дүнд л эзэмшүүлж чадна гэдгийг онцлон тэмдэглэсэн байдаг.

Хүүхэд бага наснаасаа уншиж ойлгох чадварыг эзэмшсэнээр бүх хичээлд  амжилттай суралцах боломжоо хамгийн ихээр нээж чаддаг байна. Хүүхдийн нас сэтгэхүйн онцлогийг дэлхийн эрдэмтэд сургуулийн өмнөх боловсрол, сургуулийн бага нас, өсвөр нас гэсэн түвшинд ангилж үздэг бөгөөд СӨБ /2-5 нас/ , Бага / 6-12/, Өсвөр нас / 13-18 нас/ хэмээн ангилжээ.

“Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д Боловсролын олон улсын чанарын үнэлгээнд /PISA/-д  хамрагдах бэлтгэлийг 2016-2020 онд , 2021 онд олон улсын чанарын үнэлгээнд хамрагдаж цаашлаад 2030 хүртэл олон улсад  эзлэх байр суурийг  тууштай ахиулах  зорилго, зорилтуудыг дэвшүүлсэн.

Иймд Монгол хүнээ хөгжүүлэх, сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийн чанарт нөлөөлөх, боловсролыг дэмжих дэд бүтцийг бий болгож, сургалтыг дэмжих хөтөлбөр, төслүүдийг зэрэгцүүлэн хэрэгжүүлэх, Монгол Улсын нэр хүндийг олон улсад боловсролын чанараар таниулах  энэхүү судалгаанд нийслэл Улаанбаатар хот тодорхой үе шаттай бэлтгэлтэйгээр оролцох нийгмийн эрэлт хэрэгцээ, бодит шаардлага тулгарч байна.

Хоёр. Төслийг хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага:

  • Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын газраас гаргасан судалгаанд Монгол улсын бичиг үсэгт тайлагдсан байдал нь 97.4 хувийн үзүүлэлтэйгтээр 58 дугаар байрт жагсаж байна. Дэлхийд хамгийн их ном уншдаг орнуудын судалгаагаар манай улс хойгуур байр эзэлж байна.
  • Монгол улсын Номын сангийн тухай хууль (2015), Хүүхдийн эрхийн тухай хууль (2016), Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хүүхдийн хөгжил, хамгааллын заалтуудыг хэрэгжүүлэн ажиллах шаардлагад номтой нөхөрлүүлэх ажил онцгой байр суурь эзэлж байна.
  • Д. Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын номын сан Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт 4 салбартай 1562 м2 талбайд 1000 орчим суудалтай 370 000 гаруй номын фондтой. Судалгаагаар энэ нь нийслэл хотын хүүхэд залуучуудад жилд номын сангаар үйлчлүүлэх 2 хүрэхгүй цаг ногдох хэмжээний талбай, суудалтай байгаа нь олон улсын дунджаас доогуур байна.
  • Боловсролын олон улсын чанарын үнэлгээнд /PISA/-д хамрагдах бэлтгэлийг Нийслэл Улаанбаатар хотын хүрээнд хурдан шуурхай хийх эрэлт хэрэгцээ өндөр байна.
  • 2016 он хүртэл хэрэгжсэн “Ном” хөтөлбөр нь цэцэрлэг, сургуулиудыг номоор хангаж, номын баяжилт хийх ажлууд руу гол төлөв чиглэгдэж, номын уншлагыг дэмжих ажил хийгдээгүй байна.

 Гурав. Төслийн зорилго, зорилт

 3.1. Төслийн  зорилго:

Уншлагыг дэмжих төслийг бүх нийтийн үйлс болгох замаар унших соёлыг түгээн дэлгэрүүлэх, туршлага солилцох,  ном унших аргачлал, арга зүйн зөвлөмжийг боловсруулах, сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн   багш нар, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар, эцэг эхчүүд, хүүхдүүдэд  арга зүйн сургалт явуулах, хэрэглээнд тулгуурлан ном уншлагын шинэ арга хэрэгслүүдийг нэвтрүүлэх, цахим орчинд хүүхэд, насанд хүрэгчид ном унших, харилцан суралцах арга замыг бий болгох, дүүрэг бүрийг номын сантай болгох, номын сангийн суудлын тоог нэмэгдүүлэх, гэр бүлийн номын сан, залуучуудын номын сан байгуулах хөдөлгөөн өрнүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулахад оршино.

 3.2.Төслийн зорилт:

  • Номын сан бол Нийслэлийн төр захиргааны байгууллагын боловсролыг дэмжих бодлогын хүрээнд хамгийн чухал үүрэг гүйцэтгэж буй салбар учраас дараахь үйл ажиллагааг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулна:
  • Сургалтын хөтөлбөрийг дэмжих уншлагын төслийг хэрэгжүүлэх:
  • Уншлагын төслийг дэмжих сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулах:
  • Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг сайжруулах:
  • Хүүхдийн зохиолчдыг дэмжин хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах:

 Дөрөв. Төслийг  хэрэгжүүлэх үе шат,үйл ажиллагаа

 4.1 Төслийг хэрэгжүүлэх үе шат:

  • Нэгдүгээр  үе шат 2018-2019 он
  • Хоёрдугаар үе шат 2019-2020 он
  • Гуравдугаар үе шат 2020-2021 он

 4.2 Нэгдүгээр зорилтын хүрээнд:

 Номын сангийн тухай хуулийн хэрэгжилтийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрийн түвшинд хангаж ажиллах чиглэлээр:

  • Нийслэл, орон нутаг, сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төвүүдийн номын сангийн баяжилт, үйл ажиллагааг сайжруулах
  • Улаанбаатар хотын дүүрэг бүрт Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрыг түшиглэсэн Гэр бүлийн номын сан байгуулах, номын сангүй дүүргүүдэд Улаанбаатар хотын нийтийн номын сангийн харъяа номын сан байгуулж, үйл ажиллагааны менежментийг сайжруулах
  • “Ухаалаг Монгол хүүхэд” уншлагын хөтөлбөрийг дэмжих сан, хүүхдийн номын хандивын туг аялуулах:
  • “Хүүхдийн номын долоо хоног” Их наадам зохион байгуулах:
  • “Хот даяараа уншъя” зохиолчид, урлагийн одод, улс төрчид, нийслэлийн хүндэт иргэд, ахмадууд оролцсон бүтээлч уншлагын үйл ажиллагаа
  • Эрдэм шинжилгээний бага хурал, зөвлөгөөн, чуулган, номын яармаг зохион байгуулах:
  • “Өдөр бүр 20 минут” хөдөлгөөн өрнүүлэх:
  • “Сургуульд орохоос өмнө 100 ном” хөдөлгөөн өрнүүлэх, зөөврийн номын сангийн үйлчилгээ үзүүлэх

 4.3 Хоёрдугаар зорилтын хүрээнд:

 Сургалтын хөтөлбөрийг дэмжих уншлагын төслийг хэрэгжүүлэх:

  • Уншлагын төслийн хүрээнд унших номын жагсаалтыг зөвлөмж хэлбэрээр гаргах: Үүнд уран зохиолын болон танин мэдэхүй, шинжлэх ухаан зэрэг эхийн төрлүүд тэгш хэмжээтэйгээр багтаах:  
  • Уншлагын хичээлийн жишиг загвар, арга зүйн зөвлөмж, тэмдэглэл бичих загвар мэдээллээр хөтөлбөрт хамрагдаж буй сургууль, цэцэрлэгүүдийг хангах:
  • Гэр бүлийн аппликейшн, цахим номын сан, уншлагын хөтөлбөрийн цахим хуудас ажиллуулах, монголын 50 романаар тэмдэглэл, задлал хийх, зөвлөмж боловсруулах: /Үүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийгэмд нөлөө бүхий залуус оролцоно/
  • Ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэх хөдөлгөөн өрнүүлэх, цахим болон телевизийн цуврал нэвтрүүлэг, шторк бэлтгэх, “Уншвал сэтгэнэ” ЕБС-ын сурагчдын дунд нном уншлагын тэмцээн зохион байгуулж, Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагнал бий болгох:
  • 7-9 дүгээр ангийн сурагчдад (12-14 нас) олон улсад өргөн хэрэглэдэг SQ3R үлдэцтэй унших арга барилаар ном уншуулах, цаашлаад бүлгээр болон хурдан унших аргад сургах тогтмол үйл ажиллагаатай клуб байгуулах:
  • “Номын мангас” олимпиадыг жилд нэг удаа зохион байгуулах.

 4.4 Гуравдугаар зорилтын хүрээнд:

 Уншлагын төслийг дэмжих сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулах:

  • “Унших чадварыг хөгжүүлэх арга зүй” танхимын ба онлайн сургалт зохион байгуулах:
  • Туршин хэрэгжүүлэхэд нийслэлийн 5 сургууль, 5 цэцэрлэг хамрагдах:
  • Унших чадварыг хөгжүүлэх арга зүйн сургалтад зориулж, багшид зориулсан, бие даан суралцах сурах бичиг боловсруулах:
  • Сургагч багш нарын тусламжтайгаар болон хамтын ажиллагаагаар уншлагын нэмэлт хөтөлбөрийн арга зүйн модуль боловсруулах: Үүнд СӨБ-ЕБС –ийн насны 3 ангиллаар, ангилал түвшин бүрд арга зүйн зөвлөмж боловсруулагдана.
  • Клубын зохион байгуулагчид болон SQ3R сургагч багш нарыг бэлтгэх, гарын авлага бэлтгэх

 4.5 Дөрөвдүгээр зорилтын хүрээнд:

Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг  сайжруулах:

  • Нийслэлийн эрүүл мэндийн газар, I шатлалын эмнэлэг буюу өрхийн эмнэлгүүдээр дамжуулан шинэ гэр бүл, эцэг эхчүүдэд хүүхдийн оюун ухааны хөгжлийг төрсөн цагаас нь эхлэн дэмжих танин мэдэхүйн материал, зөвлөгөөг хүргүүлэх, сургалт зохион байгуулж хамтран ажиллах:
  • Унших чадварын суурь сургуулийн өмнөх насанд тавигддаг бөгөөд хүүхдэд нялхаас нь ном үзүүлж, уншиж, ярьж өгөх: Үүнд: бүх хүүхдийг хамрахын тулд өрхийн эмчээр дамжуулан, хүүхэд бүрт мэдээлэл болон номын иж бүрдлийг хүргэнэ.

 Нэг хүүхдэд хүргэх номын иж бүрдэлд:

  • Хүүхдийн хөгжлийн талаарх ном
  • Бага насны хүүхдэд уншиж өгөх номууд
  • Бага насны хүүхдэд ном хэрхэн уншиж өгөх, хэл яриаг нь хэрхэн хөгжүүлэх тухай зөвлөмжийн ном зэрэг багтаж болно.

 4.6 Тавдугаар зорилтын хүрээнд:

Хүүхдийн зохиолчдыг дэмжин хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах:

  • Хүүхдийн зохиолын ном зүйг боловсронгуй болгох:
  • Уншлагыг дэмжих төслийн багт хүүхдийн зохиолчдын төлөөллийг оруулах:
  • Хүүхэд, багш, эцэг эхийн уншлагын арга зүй, аргачлал, зөвлөмжийг хамтран боловсруулах:
  • Хүүхдийн зохиолчдын бүтээсэн Монгол контентүүдийг дэмжих:
  • Хүүхдийн зохиолчидтой цуврал уулзалтууд зохион байгуулах:
  • Нийслэлийн 9 дүүргийн Залуучуудын хөгжлийн төв дээр суурилан үйл ажиллагааг зохион байгуулах /номын сан байгуулах/
  • Хэвлэл мэдээллээр олон нийтэд түгээж, цахим мэдээллийн хуудсаар дамжуулан сурталчлах.

           Тав. Хүрэх үр дүн

5.1.Улаанбаатар хотын Нийтийн болон дүүрэг, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Насан туршийн боловсрол төвийн  номын сангийн чадамж сайжирч, хүүхэд, эцэг эх, иргэдийн ном унших идэвх нэмэгдэнэ.

5.2.Хотын иргэд уншлага хийх арга, аргачлалд суралцаж, заавал унших номын жагсаалт гаргаж, цахим номын тоо нэмэгдэнэ.

5.3.Сургуулийн өмнөх боловсрол болон ЕБС-ийн багш нарт зориулсан арга зүйн модуль сургалтын хөтөлбөр боловсруулагдаж, багш нарын чадамж сайжирсан байна.

5.4.Нийслэлийн хэмжээнд Өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан гэр бүл, эцэг эхчүүдэд хүүхдийн оюун ухааны хөгжлийг төрсөн цагаас нь эхлэн дэмжих ажлын суурь тавигдаж, танин мэдэхүйн материал, зөвлөгөөг хүргүүлэх, сургалт зохион байгуулагдана.

5.5.Сурагчдын нас сэтгэхүйн онцлогт тохирсон унших номын жагсаалтыг насны 3 ангиллаар гаргана. /Үүнд уран зохиолын болон танин мэдэхүй , шинжлэх ухааны зэрэг эхийн төрлүүд багтсан байна/

5.6.Ангийн болон гэрийн номын сангаар дамжуулан уншлагын төслийг хэрэгжүүлэх олон талт ажил зохион байгуулагдана.

5.7.Сурагчдын номтой нөхөрлөсөн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлж, хамгийн олон уншигчтай сургууль, хамгийн олон ном уншигч зэргийг тус тус шалгаруулан урамшуулна.

5.8.Эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд хүүхэд, залуучуудыг номтой нөхөрлүүлэх энгийн арга барил эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх, зөвлөмж гарын авлага бэлтгэнэ.

5.9.Ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэх хөдөлгөөн өрнүүлэх,  бүтээлчээр унших чадварыг сайжруулах чиглэлээр зохиолчид, төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажиллах, цахим болон телевизийн цуврал нэвтрүүлэг, шторк бэлтгэх үйл ажиллагааг тогтмолжуулсан байна.  

Зургаа. Төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шаардагдах

санхүүжилтийн эх үүсвэр

6.1. Төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ.

  • Нийслэл, дүүргийн орон нутгийн төсөв;
  • Төсөл хөтөлбөр;
  • Бусад эх үүсвэр;

 Долоо.Судалгаа, мониторинг, цаашид авах арга хэмжээ

7.1.Номын сангийн хэрэглээ, хүртээмж, ном хангамж, номын санчдын ур чадварын тухай судалгааг Нийтийн болон ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага,  Насан туршийн боловсрол төвийн хүрээнд хийж, зөвлөмж гаргана.

7.2.Сургуулийн болон дүүрэг, орон нутгийн номын сангийн хангамж, үйл ажиллагааг сайжруулахад анхаарч, унших орчин нөхцөлийг бүрдүүлнэ.

7.3.Нийслэлийн түвшинд уншлагыг дэмжих төслийн үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар зөвлөмж боловсруулна.

7.4.Хүүхдийн зохиолчидтой хамтран багш, эцэг эхийн уншлагын арга барилд хяналт шинжилгээ, үнэлгээ хийнэ. Дэмжлэг үзүүлнэ.

7.5.SQ3R аргачлалын үнэлгээний шалгуур үзүүлэлтийн дагуу төслийн үр дүнг тогтмол хэмжиж, үнэлэх, мониторинг хийх, олон улсын түвшинд харьцуулалт хийнэ.

 

---оОо---

 

 

 

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.