|
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн хуулийн төсөлд та бүхнийг саналаа өгөхийг хүсч байна.
Та саналаа Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэж хаяглан явуулахаас гадна.
Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
хаягаар явуулаарай.
ТАНИЛЦУУЛГА
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн
шинэчилсэн
найруулгын төслийн талаар
Монгол Улсын
Нийслэл Улаанбаатар хот нь 370 жилийн түүхтэй хот бөгөөд 1994 оны 07 дугаар
сарын 05-нд Улсын Их Хурлаас Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг анх
батлан гаргасан. Одоогийн байдлаар Нийслэл хот, түүний удирдлагад эрх үүрэг
болгон хэм хэмжээ тогтоосон 120 гаруй хууль байдгаас 20 гаруй хуулиар өдөр
тутмын үйл ажиллагааг зохицуулдаг.
Хууль
батлагдсанаас хойш 15 жилийн хугацаанд Нийслэл хотын үйл ажиллагаа төлөвшин
жигдэрч, эдийн засаг, нийгмийн харилцааны хувьд өргөжин хөгжиж ирсэн.
Монгол Улс,
түүний дотор нийслэл хотод 1940, 1950-иад оны үеэс суурин соёл иргэншил бий
болох үндэс суурь тавигдаж, барилга байшин барих, дэд бүтэц цогцлоох зэрэг
бүтээн байгуулалтын олон ажил хийгдсэн. 1990-ээд оноос хойш хөдөөнөөс хот руу
шилжих хөдөлгөөн тасралгүй үргэлжилснээр нийслэлийн байнга болон түр оршин
суугчид Улсын нийт хүн амын 50 орчим хувьд хүрч төвлөрөөд байна. Хүн амын тоо
өсөхийн хэрээр хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн
аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх, төлөвлөлтгүй суурьшил бий болох, гэмт
хэрэг, зөрчил ихсэх, замын хөдөлгөөнд түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд,
нийгмийн халамж үйлчилгээний салбар доголдох зэргээр эдийн засаг,
нийгмийн бүх талын харилцаанд ихээхэн хүндрэл гарах болсон.
Дээр дурьдсан нийгэм, хүн ам зүйн өөрчлөлтийг
дэнслэн, олон улсын туршлагыг өөрийн орны онцлогт нийцүүлэн, харилцааг
зохицуулж байгаа хууль тогтоомжийг харьцуулан дүгнэж, Улаанбаатар хот Монгол
Улсын Нийслэлийн үүргийг хэрэгжүүлж буйтай холбоотой онцлог чиг үүрэг,
Нийслэлийн оршин суугчийн эрх үүрэг, Нийслэлийн удирдлагын тогтолцоо, үйл
ажиллагааны эрх зүйн үндэс, Нийслэлийн эдийн засаг, санхүү, өмчийн харилцааг
боловсронгуй болгох, эдийн засгийн бие даасан байдлыг хангах зорилгоор
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг
боловсрууллаа.
Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараахь асуудлыг
тусгав:
1.Хуулийн
төслийн зорилтод нийслэлийн оршин суугчийн эрх үүргийг нэмж оруулсан. Ингэснээр
нийслэлийн хөгжилд оршин суугчдын оролцоог нэмэгдүүлэх, үүрэг хариуцлагыг
тодорхой болгох, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд оршин суугчдад
тулгуурласан үйл ажиллагаа явуулах чиглэлээр хуулийн шинэчилсэн найруулгын
төсөлд тусгай бүлэг, зүйл, заалтуудыг нарийвчлан тусгаж өглөө. Түүнчлэн
Нийслэлийн оршин суугч нь амьдарч буй орчноо тохижуулсны төлөө болон байгаль
орчныг бохирдуулж буй үйлдэлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд
мэдээлсний төлөө урамшуулал хүртэх зэрэг эрхтэй байх бол иргэд зөвхөн ерөнхий
төлөвлөгөөнд тусгагдсан бүсэд суурьшин амьдрах, шилжин ирэгсэд тухайн засаг
захиргааны нэгжид тогтоосон хугацаанд бүртгүүлэх, хуульд заасан албан татвар,
төлбөр, хураамж төлөх, бусад оршин суугчийн эрх, эрх чөлөөг хүндэтгэж, нийгмийн
хэв журмыг сахих зэрэг үүрэгтэй байна. Харин үүргээ биелүүлээгүй тохиолдолд
хуульд заасан хариуцлага хүлээлгэж байх нь зүйтэй гэж үзэн хариуцлагын төрлийг
тусгасан.
2.Нийслэлийн
удирдлага, зохицуулалтын зарчмыг шинээр томьёолон оруулж өгсөн. Тухайлбал,
Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг эрх бүхий албан тушаалтан чанд
мөрдөх, нийслэлийн удирдлагын шийдвэр, үйл ажиллагаа нь олон нийтийн санал
оролцоонд тулгуурлан ил тод байх, оршин суугчийн нийтлэг эрх хууль ёсны ашиг
сонирхлыг эрхэмлэх, Үндсэн хуульд заасан зарчмыг мөрдөж ажиллахаар тусгалаа.
Энэ нь нийслэлийн удирдлагын үйл ажиллагааг сайжруулан хариуцлагжуулах,
иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хот байгуулалт, барилгажилтыг хотын
ерөнхий төлөвлөгөөний дагуу өрнүүлэх ач холбогдолтой болно.
3.Монгол
Улсын Үндсэн хуулийн 13 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын төрийн дээд
байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэх бөгөөд Улсын нийслэл нь
Улаанбаатар хот байна гэж заасны дагуу Улаанбаатар хот Монгол Улсын Нийслэлийн
үүргийг хэрэгжүүлж буйтай холбоотой онцлог чиг үүргийг нарийвчлан тусгаж өглөө.
Монгол Улсын
бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Улаанбаатар хотыг “Улаанбаатар бие даасан
бүс болгосон”-той холбогдуулан хуулийн төсөлд Улаанбаатар бүсийн тухай шинээр
тусгав.
Далай
ашиглалтын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын хөлөг онгоцны боомт нь
Улаанбаатар хот байна гэсэн заалт шинээр орууллаа.
4.370 жилийн
түүхтэй Улаанбаатар хот өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн дүрэмгүй байна. Хотын
дүрмийг бий болгосноор оршин суугч, аж ахуйн нэгж, байгууллагын харилцааг
нарийвчлах, Нийслэл Улаанбаатар хот бие даасан субъект болох эрх зүйн үндэсийг
бүрдүүлэх эерэг талтай болно.
5.Хуулийн
төсөлд нийслэлийн талаарх төрийн дээд болон орон нутгийн байгууллагын бүрэн
эрхийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, нийслэлийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч,
дүүрэг, хорооны удирдлага гэсэн ангилалаар, цогц байдлаар тусгаж өглөө.
Нийслэл,
дүүрэг, хорооны удирдлагын статусыг нэг шат ахиулж, Нийслэлийн Засаг дарга
Засгийн газрын гишүүн байж болохоор, дүүргийн удирдлагыг аймгийн удирдлагатай,
хорооны удирдлагыг сумын удирдлагатай албан тушаалын хувьд адилтгахаар тусгаж өглөө. Ингэснээр дүүргийг
сумтай, хороог багтай адилтган шийдвэр гаргаж ирсэн практикийг өөрчилж,
нийслэлийн удирдлагыг бэхжүүлэх эерэг талтай юм. Түүнчлэн Нийслэлийн Засаг
даргыг тодорхой чиг үүрэг хариуцсан орлогч, зөвлөхтэй байхаар тусгав.
6.Хотын
өсөлтийн өнөөгийн бодит нөхцөл, хөгжлийн түвшин, ирээдүйн шаардлагыг харгалзан
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар шийдвэрлүүлэх асуудлын цар хүрээ
өргөжиж, шийдвэрлэх асуудал нэмэгдэж байгаа нь Нийслэлийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлыг байнгын ажиллагаатай болгох үндэслэл шаардлага байна.
Мөн Нийслэлийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Засгийн
газрын гишүүнтэй адил баталгаагаар хангагдахаар төсөлд тусгалаа.
7.Нийслэл
өөрийгөө тэтгэх эдийн засагтай байх, санхүүгийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор
дор дурьдсан шинэлэг арга хэмжээг төсөлд тусгасан болно. Үүнд:
А/Одоогийн
хүчин төгөлдөр үйлчилж буй Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр
зүйлд нийслэл хот татвартай байна, татварыг хуулиар тогтооно гэсэн заалт
хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдээгүй байсаар өнөөг хүрлээ.
Иймд хотын
онцлогт нийцсэн, татварын орлогын тогтвортой нэр төрлийг нэмэгдүүлэх үүднээс
нийслэл хотын оршин суугчийн албан татвар, хот төлөвлөлтийн албан татвар,
экологийн албан татварыг бий болгох, нийслэлийн нутаг дэвсгэрт хуримтлуулсан
татварын орлогын наяаас доошгүй хувийг нийслэлийн төсвийн татварын орлогод
үлдээх, Улаанбаатар хот Монгол Улсын нийслэлийн үүргийг хэрэгжүүлэхтэй
холбогдон гарах зардлыг тусгай тэтгэлэг хэлбэрээр төрөөс нийслэлд олгох зэрэг
шинэлэг эх үүсвэрүүдийг хуулийн төсөлд тусгалаа.
Агаарын
бохирдол, замын хөдөлгөөний түгжрэл, ногоон байгууламжын хомсдол, хог хаягдал,
гэр хорооллын айл өрхийн эдийн засгийн сул чадавхи зэрэг бэрхшээлүүд нь оршин
суугчдын эмх цэгцгүй суурьшил, гэр хорооллын тэлэлттэй юуны өмнө холбоотой байгаа тул суурьшлийг
зохицуулах хэд хэдэн арга хэлбэрийг төсөлд тусгаж өгсөн. Тэдгээрийн дотор оршин
суугчийн албан татвар, хот төлөвлөлтийн албан татвар орж байгаа бөгөөд эдгээр
тусгай зориулалтын татварууд бий болсоноор захиргааны болон эдийн засгийн аргыг
хослуулан ашиглаж суурьшлийг зохицуулах боломжтой болох юм.
Б/Нийслэлийн
өмчийг арвижуулах, захиран зарцуулахад дүүргийн эрх хэмжээг өргөтгөх, аймаг,
сум, гадаад улсад нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгж,
төлөөлөгчийн газар байгуулж болох талаар тусгалаа.
В/Нийслэлд
санхүүгийн корпораци байгуулж нийслэлээс гаргасан бонд, хувьцааг арилжаалах,
санхүүгийн түрээс /лизинг/-ийн үйлчилгээ үзүүлэх, нийслэлийн өмч хөрөнгийг
барьцаалан зээл авах зэргээр нийслэлийн санхүү хөрөнгийн чадавхыг сайжруулах
боломжтой гэж үзэж байна.
Г/Нийслэлийн
эдийн засаг, аялал жуулчлалын чөлөөт бүс байгуулан ажиллуулах журмыг холбогдох
хуулиар тогтоож өгөхөөр тусгалаа.
8.Жилээс жилд
өсөн нэмэгдэж байгаа оршин суугчдад хорооноос хүргэх төрийн үйлчилгээг
сайжруулах үүднээс хорооны санхүүг бэхжүүлэх, засаг даргын эрх хэмжээг
өргөтгөх, иргэдийн нийтийн хурлын эрх зүйн статусыг тодорхой болгох, үйл
ажиллагаа тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн оролцоог сайжруулах
зорилгоор иргэдийн нийтийн хурлыг тамга тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх, жилд
хуралдах хурлын доод хэмжээг заах, хуульд заасан мөнгөн хуримтлалын санг
бүрдүүлэх зарим эх үүсвэрийг бий болгох, түүнчлэн дээд шатны засаг дарга газар
өмлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, барилга байгууламж барих зөвшөөрөл олгохдоо иргэдийн
нийтийн хурлын саналыг заавал авч шийдвэрлэж байхыг хуульчлах шаардлагатай гэж
үзлээ. Ингэснээр хорооны иргэдийн нийтийн хурал, засаг даргын бүрэн эрхээ
хэрэгжүүлэх баталгааг нэмэгдүүлж, хороо бие даан өөрийгөө тэтгэн хөгжих эрх
зүйн үндэсийг тавих, түүнчлэн оршин суугчид орчны газраа өөрсдийн хүсэл
зоригоор ашиглах эрхийг баталгаажуулж, газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах,
барилга байгууламж барихтай холбогдсон зөрчил маргаан багасна гэж үзсэн.
9.Тусгай
хамгаалалттай газар нутагт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахад дүүргийн засаг
даргын санал авч байгаа нь зарим бэрхшээлийг бий болгож байна.
Дэд бүтцийг
барьж байгуулах асуудал нь газар олголтоос салж, цогц байдлаар шийдэгдэж
чадахгүй, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг мөрдөхөд хүндрэл бий болж байгаа
тул дүүргийн засаг дарга бус нийслэлийн Засаг дарга санал өгдөг байх нь зүйтэй
гэж үзлээ
10.Улаанбаатар
хотод барилгажилтын ажил эрчимтэй өрнөж байгаагаас их хэмжээний шороо, хог
хаягдалыг зориулалтын бус газар асгах, хур хог үүсгэх явдал гарсаар байгаа нь
хотын өнгө үзэмжийг дордуулж байна. Иймээс барилгын суурийн шороо, хог хаягдлыг
мэргэжлийн байгууллага тээвэрлэж зөвшөөрөгдсөн газар, цэгт хаяж байхаар төсөлд
тусгалаа.
11.Нийслэлийн
Засаг дарга зарим чиг үүргээ аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагад
гүйцэтгүүлэхээр шилжүүлж болохоор төсөлд тусгалаа. Ингэснээр төр, төрийн бус
байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах эрх зүйн үндэс
бэхжинэ.
12.Оршин
суугч, аж ахуйн нэгж, байгууллагад хориглох зүйлсийг заан өгч, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх
хариуцлагыг шинээр тусгаж өгсөн.
13.Нийслэлийн
эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаас хойш үйл ажиллагааг зохицуулсан
хууль тогтоомж олноор батлагдан гарсан бөгөөд уг хуулийн зарим зүйл, заалт
бусад хуулийн зүйл, заалттай давхцсан, хэрэгцээгүй болсон, цаг хугацааны явцад
зохицуулалтын чадвараа алдсан, хуулийн зарим зүйл заалтын найруулга нь бүхэлдээ
хуучирсан нь хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах нэг үндэслэл
болсон.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн
найруулагын төсөлтэй холбогдон шинээр
боловсруулсан хуулийн төслийн талаар:
Монгол Улсын
Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Барилгын тухай хуульд нэмэлт
оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах
тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг
боловсрууллаа.
АЖЛЫН
ХЭСЭГ
/Нэмэлт, өөрчлөлтийг
тод шрифтээр ялгав/ Төсөл
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2009 оны …дугаар сарын… Улаанбаатар хот
НИЙСЛЭЛИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ
/Шинэчилсэн
найруулга/
НЭГДҮГЭЭР БYЛЭГ
НИЙТЛЭГ YНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ
хуулийн зорилт нь Монгол Улсын нийслэл /цаашид "нийслэл" гэх/-ийн онцлог чиг үүрэг,
түүнийг хэрэгжүүлэх эдийн засгийн үндэс, удирдлагын бүрэн эрх, нийслэлийн оршин суугчийн эрх, үүрэг, нийслэлийн удирдлагаас оршин
суугч, аж ахуйн нэгж, байгууллага болон засаг
захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгжтэй харилцах эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Хууль тогтоомж
2.1.Нийслэлийн
эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь Монгол улсын Yндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн
нэгж, түүний удирдлагын тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн
гаргасан хууль тогтоомжийн бусад актаас
бүрдэнэ.
2.2.Монгол
Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын
гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Нийслэлийн
удирдлага, зохицуулалтын зарчим
3.1.Нийслэлийн удирдлага, зохицуулалтын үйл
ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:
3.1.1.Монгол
Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний
удирдлагын тухай хуульд заасан зарчим;
3.1.2.Улаанбаатар
хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг чанд мөрдөх;
3.1.3.нийслэлийн оршин
суугчийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэх;
3.1.4. нийслэлийн удирдлагын шийдвэр, үйл
ажиллагаа нь олон нийтийн санал, оролцоонд тулгуурлах, ил тод байх.
4 дүгээр зүйл.Нийслэл, түүний онцлог чиг үүрэг
4.1.Монгол
Улсын Үндсэн хуулийн арван гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол
Улсын нийслэл нь Улаанбаатар хот мөн.
4.2.Нийслэл Улаанбаатар
хот нь хуулиар олгосон чиг үүрэг, өмч хөрөнгө,
өөрийн удирдлага, засаг захиргааны бүтэц, нутаг дэвсгэртэй, эдийн засаг, нийгмийн цогцолбор бүхий бие даасан бүс, тусгай статус бүхий хот мөн.
4.3.Монгол
Улсын хөлөг онгоцны бүртгэлийн боомт нь Улаанбаатар хот байна.
4.4.Нийслэл нь
засаг захиргааны хувьд дүүрэгт, дүүрэг
нь хороонд хуваагдана.
4.5.Нийслэл
Улаанбаатар хот нь байгаль орчны зохистой харьцааг хадгалах, Улаанбаатар бүсийн
тэнцвэртэй хөгжлийг хангах, оршин суугчийн суурьшил, хотын хангамж, үйлчилгээ,
аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах үүднээс алслагдсан дүүрэг, дагуул хот,
тосгон чөлөөт бүстэй байж болно.
4.6.Нийслэл Улаанбаатар
хотод Монгол Улсын төрийн дээд болон төв байгууллага, тус улсад үйл ажиллагаа
явуулж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн газар байнга төвлөн оршино.
4.7.Нийслэлийн удирдлага нь
нутаг дэвсгэртээ байгаа төрийн дээд, төв болон бусад байгууллагын ажиллах
хэвийн нөхцөлийг хангах үүрэг хүлээнэ.
4.8.Төрийн эрх
бүхий байгууллага өөрөөр шийдвэрлээгүй бол нийслэлд үндэсний их баяр наадам, төрийн ёслол хүндэтгэл, улсын болон олон
улсын арга хэмжээг зохион байгуулна.
4.9.Улаанбаатар хот нийслэлийн үүргийг биелүүлэхтэй
холбогдон дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
4.9.1.нийслэл
Улаанбаатар хотод Монгол Улсын төрийн дээд болон төв байгууллага, тус улсад үйл
ажиллагаа явуулж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн газарт хуульд заасан
журмаар эдэлбэр газар эзэмшүүлэх, ашиглуулах, барилга байгууламж, нийтийн үйлчилгээ болон бусад үйлчилгээ үзүүлэх;
4.9.2.үндэсний
их баяр наадам, төрийн ёслол хүндэтгэл, улсын болон олон улсын арга хэмжээг
зохион байгуулахад эдэлбэр газар, барилга байгууламж ашиглуулах, харуул
хамгаалалт зохион байгуулах болон үйлчилгээ үзүүлэхдээ батлагдсан гэрээг үндэс
болгон хэрэгжүүлэх;
4.9.3.нийслэл
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт улсын хэмжээний
эрчим хүч, тээвэр, холбоо, мэдээлэл технологийн сүлжээг хөгжүүлэхэд оролцох.
4.10.Улаанбаатар хот нийслэлийн чиг үүрэг хэрэгжүүлэхтэй
холбогдуулан гарах зардлыг төрийн тусгай тэтгэлэг хэлбэрээр улсын төсөвт тусган
олгоно.
4.11.Нийслэлд улсын төсвөөс олгох захиалгат
бүтээгдэхүүний санхүүжилт, гэрээт үйлчилгээний төлбөрийг нийслэлийн төсвийн
зохих зүйл ангид тооцно.
4.12. Нийслэл Улаанбаатар хот дүрэмтэй байна.
4.13.Энэ зүйлийн 4.12-т заасан
дүрмийг Нийслэлийн оршин суугч, нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгж, байгууллага
хэлбэрэлтгүй дагаж мөрдөх үүрэгтэй.
5 дугаар зүйл.Нийслэлийг
хөгжүүлэх бодлого
5.1.Нийслэлийн
удирдлага улсын хэмжээнд суурин соёл, иргэншлийн тэргүүлэх байр суурийг
хадгалах бие даасан бодлого хэрэгжүүлнэ.
5.2.Нийслэлийн удирдлага нь хот байгуулалт, байгаль
орчин, эдийн засаг, нийгмийн тэнцвэрийг ханган хөгжлийн тогтвортой орчин
бүрдүүлэх, хүний хөгжлийг төлөвшүүлэх, хувийн хэвшлийг дэмжих, засаглалыг
сайжруулах бодлого явуулна.
5.3.Нийслэлийн удирдлага нь аж үйлдвэр, дэд бүтэц, өндөр
технологийн үйлдвэрлэлийг томоохон төслөөр дамжуулан хөгжүүлэх, эдийн засгийн
өсөлтийг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн хөрөнгийг татах
бодлого баримтлана.
5.4.Нийслэлийн
хот байгуулалт, төлөвлөлт нь үндэсний уран барилгын өв уламжлалыг орчин үеийн ололт, дэлхийн хот байгуулалтын
шилдэг жишигтэй хослуулан хөгжүүлэх бодлогод үндэслэнэ.
6 дугаар зүйл.Нутаг дэвсгэр, эдэлбэр газар
6.1.Нийслэл нь Улсын Их Хурлаас баталсан хилийн цэс бүхий нутаг
дэвсгэртэй байх бөгөөд алслагдсан дүүрэг, дагуул хот, тосгон, чөлөөт бүсийн нутаг дэвсгэр нь нийслэлийн нутаг дэвсгэрийн
хилийн цэст багтана.
6.2.Нийслэл Улаанбаатар хотын
нутаг дэвсгэр нь Хот байгуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан
бүсчлэлтэй байх бөгөөд мөн байгаль орчныг хамгаалах болон ой, усны нөөц
хамгаалах бүстэй байж болно.
6.3.Нийслэл Улаанбаатар хотын нийтийн
эдэлбэр газарт хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан дагуул хот,
тосгон, чөлөөт бүсийн гудамж,
талбай, зам, дэд бүтцийн хамгаалалтын бүс, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын
эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамир, спортын зориулалттай газар,
цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, хог хаягдлын цэг, нөхөн сэргээх талбай зэрэг газар хамаарна.
6.4.Чиг үүргээ
биелүүлэх зорилгоор нийслэлийн эзэмших,
ашиглах газар нь Нийслэлийн хилийн цэсийн гадна байж болно.
ХОЁРДУГААР
БYЛЭГ
НИЙСЛЭЛИЙН ТАЛААРХИ ТӨРИЙН
БОЛОН ОРОН НУТГИЙН
БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ
7 дугаар зүйл.Улсын Их Хурал
7.1.Улсын Их Хурал нийслэлийн талаар
дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1.нийслэлийн хөгжлийн асуудлаар
төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох;
7.1.2.нийслэл Улаанбаатар хотын нутаг
дэвсгэрийн хилийн цэсийг тогтоох;
7.1.3.нийслэл Улаанбаатар хотын
хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах;
7.1.4.нийслэлийн
санхүүгийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
8
дугаар зүйл.Ерөнхийлөгч
8.1.Нийслэлийн
хөгжлийн асуудлаар Засгийн газарт чиглэл өгнө.
9
дүгээр зүйл.Засгийн газар
9.1.Засгийн газар нийслэлийн талаар дараахь бүрэн
эрхийг хэрэгжүүлнэ:
9.1.1.нийслэлийн талаархи төрийн
бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
9.1.2.нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг удирдан
чиглүүлэх;
9.1.3.нийслэлийн удирдлагын саналыг үндэслэн нийслэлийн тогтвортой хөгжлийг
хангах зорилт, арга хэмжээг боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
10 дугаар зүйл.Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн
хурлын бүрэн эрх
10.1.Нийслэлийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний
удирдлагын тухай хуулийн 18, 19 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь бүрэн
эрхийг хэрэгжүүлнэ:
10.1.1.нийслэлтэй
холбогдсон асуудлаар хууль тогтоомжид нийцүүлэн бие даан шийдвэр гаргах;
10.1.2.нийслэлийн оршин суугчийн эрх, хууль
ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, хэрэгжилтэд
хяналт тавих;
10.1.3.нийслэлд
хэв журам сахиулах, хотын аж ахуй, оршин суугч, аж ахуйн нэгжийн нийгэм-соёлын асуудлаар нийтээр дагаж мөрдөх
журмыг хууль тогтоомжид нийцүүлэн гаргаж, биелэлтэд хяналт тавих;
10.1.4.нийслэл,
түүний оршин суугчийн нийтлэг ашиг сонирхлыг хөндсөн, өөрийн эрх хэмжээнд
шийдвэрлэх боломжгүй асуудлаар Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, холбогдох бусад байгууллагад санал
тавьж шийдвэрлүүлэх;
10.1.5.хот байгуулалт, экологи, эдийн
засаг, нийгмийн хөгжлийн талаархи төслийг төрийн захиргааны төв байгууллагад
санал тавьж шийдвэрлүүлэх;
10.1.6.нийслэлийн хэмжээнд тэмдэглэлт ой, баяр ёслол тэмдэглэх, байгууллага,
гудамж, талбайг нэршүүлэх, нэрэмжит болгох, хөшөө, дурсгалын цогцолбор
байгуулах асуудлаар өөрийн санаачлагаар болон иргэд, байгууллагын саналыг үндэслэн
шийдвэр гаргах;
10.1.7.Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд үндэслэн хэсэгчилсэн ерөнхий
төлөвлөгөө, төсөл хөтөлбөр, алслагдсан дүүрэг, дагуул хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах,
хэрэгжилтэд хяналт тавих;
10.1.8.нийслэлийн
нутаг дэвсгэр дэх байгалийн баялгийг ашиглах, захиран зарцуулах талаар шийдвэр гаргахдаа хууль тогтоомжид
заасны дагуу нийслэлийн болон тухайн нутаг
дэвсгэрийн оршин суугчийн нийтлэг
эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нэн тэргүүнд харгалзах;
10.1.9.нийслэлийн оршин суугчийн суурин амьдралын хэв маяг, хамтач үзлийг хөгжүүлэх,
хотын соёл, хамтын хариуцлагыг төлөвшүүлэх
ажил зохион байгуулах;
10.1.10.Нийслэлийн
агаарын бохирдолыг бууруулах хөтөлбөр батлах.
10.2.Нийслэлийн
Иргэдийн Төлөөлөгчдийн хурал байнгын ажиллагаатай байж болно.
10.3.Энэ хуулийн
4.12-т заасан дүрмийг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлана.
10.4.Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь бүрэн эрхээ
хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Засгийн газрын гишүүнтэй адил баталгаагаар
хангагдана.
11 дүгээр зүйл.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар
хотын
Захирагчийн бүрэн эрх
11.1.Нийслэлийн Засаг
дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн байж болно.
11.2.Нийслэлийн Засаг дарга тодорхой чиг үүрэг хариуцсан орлогч, зөвлөхтэй байна.
11.3.Нийслэлийн Засаг
дарга нь Улаанбаатар хотын Захирагч байх бөгөөд тэрээр хотын аж ахуй,
үйлчилгээг удирдан зохион байгуулах, мэргэжлийн албадыг зохицуулах үүрэг бүхий
хотын ерөнхий менежерийг томилон ажиллуулна.
11.4.Улаанбаатар хотын
Захирагч нь ажлын албатай байна. Захирагчийн ажлын алба нь нийслэлийн Засаг
даргын ажлын албанаас тусдаа байх бөгөөд дарга нь хотын Ерөнхий менежер байна.
11.5.Захирагчийн ажлын
алба нь Улаанбаатар хотын дэд бүтцийн хангамж, хотын орон сууц, нийтийн аж
ахуй, худалдаа үйлчилгээ, хүн амын хүнсний хангамж, нийтийн тээврийн үйлчилгээ,
зам, хот тохижилт, цэцэрлэгжилт, орчны
бохирдол, хог хаягдал зэрэг
асуудлаар гаргасан Улсын Их Хурал, Засгийн газар, нийслэлийн удирдлагын бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах,
иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
11.6.Нийслэлийн Засаг
дарга нь Улаанбаатар хотын Захирагчийн хувьд өөртөө зөвлөх эрх бүхий мэргэжлийн
орон тооны бус зөвлөлийг байгуулан ажиллуулна.
11.7.Энэ зүйлийн 11.6-д
заасан мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч батална.
11.8.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг
дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хуульд зааснаас
гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
11.8.1.нийслэлд хүн амын төлөвлөлтгүй
суурьшил бий болох, дэд бүтцийн болон нийгмийн үйлчилгээний хэвийн ажиллагаа
алдагдахаас урьдчилан сэргийлэх;
11.8.2.хүн амын эрүүл мэндэд нөлөөлөхүйц нөхцөл байдлыг бий болгосон, хүрээлэн
байгаа орчныг бохирдуулсан, ашиглах бодисын
зөвшөөрөгдөх хэмжээг хэтрүүлсэн үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг
зогсоох, барилга, байгууламж барих асуудалд холбогдох байгууллагын санал
дүгнэлтийг үндэслэн хориг тавих, нийслэлээс нүүлгэн шилжүүлэх тухай саналыг холбогдох байгууллагад
тавих;
11.8.3.Нийслэлийн
агаарыг бохирдлыг бууруулах хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтийг зохион
байгуулах;
11.8.4.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгжид нийслэлээс ажиллах
хүчийг зохион байгуулалттайгаар шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх;
11.8.5.оршуулгын газрыг төлөвлөх, зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
11.8.6.хууль тогтоомжид нийцүүлэн захирамж, заавар, дүрэм, журам батлан
мөрдүүлж, гүйцэтгэлийг хангуулах;
11.8.7.нийслэл дэх үндэстэн, ястан, цөөнхийн түүх, шашин,
соёлын өвийг хамгаалан, арвижуулах;
11.8.8. газар
зохион байгуулалт, хот төлөвлөлтийн уялдаа холбоог хангах;
11.8.9.
Газрын тухай хуулийн 21.2.3-т зааснаар газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг
шийдвэрлэх;
11.8.10. холбогдох хуулийн дагуу иргэнд газар
өмчлүүлэх;
11.8.11.нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг, харьяа
газрын даргын тушаал, шийдвэр хууль тогтоомжид нийцээгүй бол хүчингүй болгох;
11.8.12.Эрчим хүчний болон нийтийн тээврийн
ачааллыг зохицуулах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл,
үйлчилгээний ажил эхлэх, дуусах цагийг тогтоох;
11.8.13.хууль тогтоомжид заасан бусад бүрэн
эрх.
11.9.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч бүрэн эрхээ
хэрэгжүүлэхдээ Засгийн газрын гишүүнтэй адил баталгаагаар хангагдана.
12 дугаар зүйл.Дүүрэг, түүний удирдлагын бүрэн
эрх
12.1.Дүүрэг нь хүн амын байршил,
эдийн засгийн чадавхи, газар зүйн байршил, зам харилцааны нөхцөлийг харгалзан байгуулсан
нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж мөн.
12.2.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын
тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу дүүрэг байгуулах, өөрчлөх, татан буулгах,
хилийн цэсийг батлах асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ.
12.3.Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол
Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль
болон бусад хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
12.4.Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, дүүргийн
Засаг даргын албан тушаалыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн Засаг даргын албан тушаалтай тус тус адилтган үзэж болно.
12.5.Дүүргийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг
дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хуульд зааснаас
гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
12.5.1.нийслэлийн Засаг даргаас дүүрэгт шилжүүлсэн өмчийн болон бусад бүрэн
эрхийг хэрэгжүүлэх;
12.5.2.хууль
тогтоомжид нийцүүлэн захирамж, заавар,
дүрэм, журам батлан мөрдүүлж, гүйцэтгэлийг хангуулах;
12.5.3.энэ хуулийн 11.8.8-д зааснаас бусад газрыг
эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах;
12.5.4.хууль тогтоомжид заасан бусад бүрэн
эрх.
13 дугаар зүйл.Хороо, түүний удирдлагын бүрэн
эрх
13.1.Хороо нь Монгол
Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар
дүүргийн засаг захиргааны нэгж мөн.
13.2.Хуульд өөрөөр заагаагүй бол хороо
нь өөрөө өөрийгөө тэтгэн хөгжүүлж, бие
дааж ажиллана.
13.3.Хорооны иргэдийн Нийтийн Хурал нь Монгол Улсын
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон
бусад хуульд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
13.3.1.Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд
нийцүүлэн өөрийн нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулах, барилга
байгууламж барих зэрэг асуудлыг хэлэлцэн саналаа эрх бүхий байгууллагад хүргүүлэх.
13.4.Эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь газар
эзэмшүүлэх, ашиглуулах, барилга байгууламж барих зөвшөөрөл олгох шийдвэр
гаргахдаа энэ хуулийн 13.3.1-д заасан саналыг заавал үндэслэнэ.
13.5.Хорооны иргэдийн Нийтийн
Хурал жилд 2-оос доошгүй удаа хуралдана.
13.6.Хорооны иргэдийн Нийтийн Хурлын
дарга, хорооны Засаг даргын албан тушаалыг сумын Хурлын дарга, сумын Засаг даргын албан тушаалтай тус тус адилтган үзэж болно.
13.7.Хорооны Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг
дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хуульд зааснаас
гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
13.7.1.хорооны хүн амын дэлгэрэнгүй бүртгэлийн нэгдсэн сан бүрдүүлэн хөтлөх;
13.7.2.оршин суугчийн хэвийн аж төрөх нөхцлийг хангах үүднээс харьяалах нутаг
дэвсгэрт орших сууц өмчлөгчдийн холбоо, өрхийн
эмнэлэг, цагдаагийн хэсэг, төрийн бус
байгууллагатай нягт хамтран ажиллах;
13.7.3.хууль
тогтоомжоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж байгаа иргэн, аж ахуйн нэгж,
байгууллагад ногдуулсан болон энэ хуулийн 34.1.6, 34.1.7-д заасан торгуулийн
мөнгийг хорооны мөнгөн хөрөнгийн
санд төвлөрүүлж, зориулалтын дагуу зарцуулах;
13.7.4.бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай
харилцах явцад үүссэн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх;
13.7.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
13.8.Хорооны иргэдийн нийтийн
Хурал тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас
хэрэглэнэ.
ГУРАВДУГААР БYЛЭГ
НИЙСЛЭЛИЙН ОРШИН СУУГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ, БАТАЛГАА
14 дүгээр зүйл.Нийслэлийн оршин суугч
14.1.Нийслэлийн засаг захиргааны нэгжид бүртгүүлэн 180 хоногоос дээш хугацаагаар байнга оршин суугаа Монгол
Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг нийслэлийн оршин суугч гэнэ.
14.2.Нийслэлд 180 хүртэлх хоногийн
хугацаагаар оршин суугаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй
хүнийг түр оршин суугч гэнэ.
15 дугаар зүйл.Нийслэлийн оршин
суугчийн эрх
15.1.Нийслэлийн оршин суугч дараахь эрх эдэлнэ:
15.1.1.нийслэлийн нутгийн өөрөө удирдах ёсны болон захиргааны байгууллагаар хэлэлцэж байгаа
асуудлаар мэдээлэл авах, санал өгөх;
15.1.2.нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хуралд төлөөлөгчөөрөө дамжуулан санал дэвшүүлэх;
15.1.3.Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий
төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийтийн хэрэгцээний барилга байгууламж,
зам, гүүр, инженерийн шугам сүлжээ, цэцэрлэгт хүрээлэн байгуулахад зориулж
өөрийн өмчлөл эзэмшил, ашиглалтад байгаа газраа чөлөөлсний төлөө зохих журмын
дагуу нөхөх олговор авах;
15.1.4.нийслэлийн
оршин суугч өөрийн санаачилгаар орчноо тохижуулах, мод бут тарих болон
нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулсныхаа төлөө урамшуулал
авах, хөнгөлөлт эдлэх;
15.1.5.хотын газар, түүний
хэвлий, агаар, ус, гудамж талбай зэргийг бохирдуулж байгаа оршин суугч, аж ахуйн нэгж, байгууллагын хууль бус үйлдлийг зохих байгууллагад мэдээлсний
төлөө урамшуулал авах;
15.1.6.соёл урлаг, биеийн тамир, спорт, аялал жуулчлалын зориулалттай
барилга байгууламжийг зохих журмын дагуу
ашиглах;
15.1.7.нийслэлд байнга оршин
суугч Монгол Улсын иргэн нь өөрийн харьяалагдах Хорооны иргэдийн нийтийн хуралд оролцох;
15.1.8.хууль тогтоомжид заасан бусад эрх.
15.2.Энэ хуулийн 15.1.4, 15.1.5-д заасан хөнгөлөлт, урамшуулалын хэмжээг
нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.
16 дугаар зүйл.Нийслэлийн оршин суугчийн үүрэг
16.1. Нийслэлийн оршин суугч
дараахь үүрэг хүлээнэ:
16.1.1.хуульд заасан журмын дагуу албан татвар,
хураамж, төлбөр төлөх;
16.1.2.нийслэлийг хөгжүүлэх ажилд идэвхитэй оролцох;
16.1.3.нийтийн
эзэмшлийн эд зүйлийг зохистой ашиглах, амьдарч байгаа орчноо цэвэр байлгах;
16.1.4.Улаанбаатар хотын хөгжлийн
ерөнхий төлөвлөгөөнд заасан суурьшлийн бүсэд оршин суух;
16.1.5.оршин суугаа нутаг дэвсгэртээ гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх
талаар нутгийн захиргааны болон цагдаа, онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж
байгаа арга хэмжээнд оролцох, нийгмийн хэв журмыг сахих;
16.1.6.нийслэлд
оршин суухдаа холбогдох хууль тогтоомжийн дагуу харьяалах засаг захиргааны
нэгжид 10 хоногийн дотор бүртгүүлсэн байх;
16.1.7.түр хугацаагаар оршин суугч нь хүндэтгэх
шалтгааны улмаас энэ хуулийн 14.2-т зааснаас
дээш хугацаагаар нийслэлд оршин суух бол мөн хугацаагаар сунгуулах;
16.1.8.нийслэл хотын оршин
суугчийн баримт бичгийн зөрчилгүй байх;
16.1.9.нийслэлийн бусад оршин суугчийн эрх, эрх чөлөөг хүндэтгэх;
16.1.10.өөрт хамаарах түр оршин
суугчийг засаг захиргааны нэгжид бүртгүүлэх, тэдгээрийг гэмт хэрэг, зөрчил
үйлдэхээс урьдчилан сэргийлэх;
16.1.11.нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан
шийдвэрийг сахин биелүүлэх;
16.1.12.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
16.2.Байнга болон түр оршин суугаа Монгол Улсын
иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн хууль, дүрэм, журам, эрх бүхий төрийн болон орон
нутгийн байгууллагын шийдвэрийг
биелүүлэх үүрэгтэй.
17 дугаар зүйл.Оршин суугчийн баталгаа
17.1.Нийслэлд байнга оршин суугч нь Монгол Улсын
Үндсэн хуульд заасан үндсэн эрх, эрх чөлөөг эдлэн эрүүл, аюулгүй орчинд
ажиллаж, амьдрах нөхцөл боломжоор хангагдана.
ДӨРӨВДҮГЭЭР
БYЛЭГ
НИЙСЛЭЛИЙН
ЭДИЙН ЗАСАГ, ӨМЧ, ТӨСӨВ, САНХYY
18 дугаар зүйл.Нийслэлийн эдийн засгийн үндэс
18.1.Нийслэл нь өөрийгөө тэтгэх эдийн засагтай
байна. Нийслэлийн эдийн засгийн үндэс нь түүний өмч, газар, газрын хэвлий, ой, ус, ургамал, амьтан, байгалийн бусад нөөц баялаг, нийслэлийн өмчийн аж
ахуй, бүх төрлийн өмчийн үйлдвэрлэл,
үйлчилгээний орлогоос бий болсон ашгийн хуримтлал, татвар болон татварын бус орлого, хураамж, төлбөр, нийслэлийн сангийн хөрөнгөөс
бүрдэнэ.
19 дүгээр зүйл.Нийслэлийн төсөв, санхүү
19.1.Нийслэлийн төсөв, санхүү нь бие даасан, орлого
зарлагын тэнцвэрт байдлыг хангах зарчимд үндэслэнэ.
19.2.Нийслэлийн төсвийн татварын орлого нь нийслэл
хотын оршин суугчийн албан татвар, хот төлөвлөлтийн албан татвар, экологийн албан татвар болон бусад албан татвар, төлбөр,
хураамжаас бүрдэнэ.
19.3.Нийслэлийн нутаг дэвсгэр дээр тухайн жилд
төвлөрүүлсэн татварын орлогын наяаас доошгүй хувийг Нийслэлийн төсвийн татварын орлогод үлдээж,
нийслэлийн хөрөнгө оруулалт, зардалын санхүүжилтэнд зарцуулна.
19.4.Нийслэл хотын хөгжлийн томоохон төслийг улсын
төсвөөс санхүүжүүлж болно.
19.5.Нийслэлийн Засаг дарга нь нутаг дэвсгэртээ
үйлдвэрлэл, дэд бүтэц, нийгмийн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор үнэт цаас гаргаж
болно.
19.6.Нийслэлийн
төсвийн орлогын нэр төрөл, зарлагын ангилал, санхүүжилтийн зориулалт болон төсөв
зохиох, батлах, гүйцэтгэлийг зохион байгуулах, тайлагнах үйл ажиллагааг төсвийн
болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.
20 дугаар зүйл.Нийслэлийн өмч
20.1.Хуульд
заасан үндэслэл, журмын дагуу нийслэл нь өөрийн мэдлийн өмчтэй байх бөгөөд
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийслэлийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн
өмчлөгч нь байна.
20.2.Нийслэлийн
өмч нь түүний эдэлбэр газар, хуульд заасан үндэслэлээр олж авсан, арвижуулсан эд
хөрөнгө, хүн ам, оршин суугч ашиглах нийтийн зориулалттай өмчөөс бүрдэнэ.
20.3.Нийслэлийн өмчийг
арвижуулах, захиран зарцуулах асуудлыг нийслэлийн
Засаг даргын өргөн мэдүүлснээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний чөлөө
цагт Тэргүүлэгчид шийдвэрлэнэ.
20.4.Нийслэлийн
өмчийг эзэмшүүлэх, ашиглуулах, барьцаалах, хувь нийлүүлсэн үйлдвэр, аж ахуйн
нэгж хамтран байгуулах асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд нийслэлийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ.
20.5.Нийслэл нь
өөрийн өмчийн тодорхой хэсгийг дүүрэгт өмчлүүлж болно.
20.6.Нийслэл нь аймаг, сумын нутаг дэвсгэр, гадаад
улсад нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллага,
төлөөлөгчийн газартай байж болно.
21 дүгээр зүйл.Нийслэлийг хөгжүүлэх сан
21.1.Нийслэл нь хот байгуулалт, түүний дэд бүтцийг
хөгжүүлэх, хотын аж ахуйг өргөтгөх, хүн амын үйлчилгээг сайжруулах, байгаль
орчныг хамгаалах зорилгоор нийслэл, дүүргийг хөгжүүлэх сантай байж болно. Санг
бүрдүүлэх, захиран зарцуулах журмыг нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурал батална.
21.2.Сан нь сангийн үйл ажиллагааны орлого, нийслэлийн
өмчит болон өмчийн оролцоотой үйлдвэрийн газрын ногдол ашиг, дотоод гадаадын аж
ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өргөсөн хандив, буцалтгүй тусламж, бусад
орлогоос бүрдэнэ.
21.3.Сангийн хөрөнгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын Захирагч захиран зарцуулж, гүйцэтгэлийг жил бүр Нийслэлийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнана.
22 дугаар зүйл.Нийслэлийн
санхүүгийн корпораци
22.1.Нийслэлийн удирдлага нь эдийн засгийн чадавхыг
бэхжүүлэх, томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх зорилго бүхий нийслэлийн
санхүүгийн корпорацийг байгуулж болно.
22.2.Нийслэлийн санхүүгийн корпорацийг байгуулах,
өөрчлөх, татан буулгах, ажиллах журмыг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
батлана.
22.3.Нийслэлийн санхүүгийн корпораци нь нийслэлээс
гаргасан бонд, хувьцааг арилжаалах, нийслэлийн өмч хөрөнгийг барьцаалан зээл
авах, санхүүгийн түрээсийн /лизинг/ үйлчилгээ үзүүлэх зэрэг чиглэлээр ажиллана.
23 дугаар зүйл.Нийслэлийн
өмчит аж ахуйн нэгж
23.1.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын
Захирагч нь хотын хангамж, дэд бүтэц, нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээг бусдаар
гүйцэтгүүлэхдээ нийслэлийн өмчит аж ахуйн нэгжийг үйл ажиллагааны чиглэлээр давуу
эрхтэй оролцуулж болно.
24 дүгээр зүйл.Нийслэлийн чөлөөт бүс
24.1.Нийслэлийн эдийн засаг, аялал
жуулчлалын чөлөөт бүс байгуулах, ажиллуулах журмыг хуулиар тогтооно.
ТАВДУГААР
БҮЛЭГ
НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГААС ИРГЭН, АЖ
АХУЙН НЭГЖ,
БАЙГУУЛЛАГАТАЙ ХАРИЛЦАХ
25 дугаар зүйл.Төрийн захиргааны төв байгууллагатай
харилцах
25.1.Төрийн захиргааны төв байгууллага нь салбарын болон салбар хоорондын бодлогыг боловсруулан
хэрэгжүүлэхдээ нийслэл, түүний оршин суугчийн нийтлэг эрх ашигтай холбогдох
асуудлаар нийслэлийн Засаг дарга, шаардлагатай гэж үзвэл нийслэлийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчидтэй зөвшилцөнө.
25.2.Нийслэлийн удирдлага нь төрийн захиргааны төв байгууллагын
шийдвэрийг нийслэлийн эрх ашгийг зөрчиж байна гэж үзвэл дүгнэлт, саналаа
Засгийн газарт болон холбогдох бусад байгууллагад гаргана.
25.3.Нийслэлийн удирдлага нь Засгийн
газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийслэлийн эдийн засаг,
нийгмийн хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор төрийн захиргааны
төв байгууллагын удирдлагатай хамтран ажиллах гэрээ байгуулах, хамтарсан
шийдвэр гаргах хэлбэрээр ажиллана.
25.4.Нийслэлийн удирдлагаас хот тохижилт, хүрээлэн буй орчин, хотын
инженерийн барилга, байгууламж, нийтийн аж ахуйг хамгаалах, иргэдийн аюулгүй
байдлыг хангах талаар гаргасан шийдвэрийг төрийн захиргааны төв байгууллага
заавал биелүүлэх үүрэгтэй.
25.5.Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь газар ашиглуулах тухай шийдвэр гаргахдаа
Нийслэлийн Засаг даргын саналд үндэслэн гаргана.
26 дугаар зүйл.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн
бусад нэгжтэй
харилцах
26.1.Нийслэлийн удирдлагаас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад
нэгжийн удирдлагатай нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжил, иргэдийн суурьшлийн талаар хамтран ажиллах гэрээ
байгуулан ажиллаж болно.
26.2.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгжийн
удирдлага нийслэлийн хүн амыг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр хангах, үндэсний их баяр наадам, төрийн ёслол хүндэтгэл, улсын болон олон улсын арга
хэмжээ зохион явуулахад хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн дагуу дэмжлэг
үзүүлнэ.
26.3.Нийслэлийн хөгжилд
зайлшгүй шаардлагатай дэд бүтцийн нэгдсэн сүлжээ, бүтэц бий болгох үйлдвэр, аж
ахуй, хангамжийн байгууллагыг Засгийн газрын шийдвэрээр засаг захиргаа, нутаг
дэвсгэрийн бусад нэгжийн нутаг дэвсгэр дээр байгуулж болно. 26.4.Аймаг, нийслэл
бусад хот хоорондын эдийн засаг, нийгэм, аж ахуйн харилцааг хуулиар тусгайлан
зохицуулна.
27 дугаар зүйл.Аж ахуйн нэгж, байгууллагатай харилцах
27.1.Нийслэлийн удирдлага нь нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа
явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хэрэглэгчийн эрх
ашгийг хамгаалах, ажил үйлчилгээг сайжруулах, орчны тохижилт, цэвэрлэгээ хийх зэрэг асуудлаар шаардлага тавина.
27.2.Нийслэлийн
Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нь хотын аж ахуй, инженерийн
барилга байгууламжийн эзэмшлийн зааг
хэмжээ, шугам сүлжээний хамгаалалтын
зурвасыг тогтоож, ашиглалт засвар, үйлчилгээг
холбогдох хууль тогтоомжид заасны
дагуу гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж болно.
27.3.Нийслэлийн Засаг дарга нь
нутгийн захиргааны тодорхой чиг үүргийг холбогдох хууль тогтоомж нийслэлийн Иргэдийн
Төлөөлөгчдийн хурлын шийдвэр, гэрээний үндсэн дээр аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагад хариуцуулан
гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн буюу хэсэгчлэн санхүүжүүлж болно.
27.4.Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж
байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагатай харилцах асуудлыг
Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу зохицуулна.
28 дугаар
зүйл.Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн
нэгжээс
нийслэлийн өмнө хүлээх үүрэг
28.1.Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж
нь өмчийн хэлбэрээс үл хамааран нийслэлийн өмнө дараахь үүрэг хүлээнэ:
28.1.1.хууль тогтоомжид нийцүүлэн
нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас нийтээр дагаж
мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг өөрийн
ажилчиддаа мэдээлж, хэрэгжүүлэх;
28.1.2.нийслэлийн онцлог чиг үүргийг хэрэгжүүлэх талаар
нийслэлийн удирдлагаас явуулж байгаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
28.1.3.өөрийн эзэмшиж байгаа эдэлбэр газар, барилга, байгууламжаасаа 50 метр хүртэлх
зайнд байгаа гудамж, талбайг стандарт, норм, дүрэм, журам, зохих шаардлагын
дагуу зүй зохистой ашиглаж, тохижуулан цэвэр цэмцгэр байлгах;
28.1.4.барилга
барих явцад гарсан суурийн шороо, хог хаягдлыг мэргэжлийн байгууллагаар
тээвэрлүүлж, зөвшөөрөгдсөн газар хаях;
28.1.5.эрүүл
ахуйн стандартыг ханган ажиллаж, хэрэглэгчдийн эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүн
үйлдвэрлэн нийлүүлэх.
28.2.Энэ хуулийн 27.3-т заасны дагуу нутгийн захиргааны тодорхой
чиг үүргийг эрхлэн гүйцэтгэж, нийслэлийн төсвөөс санхүүжилт авсан аж ахуйн
нэгж, төрийн бус байгууллага нь уг ажлаа Нийслэлийн Засаг даргын өмнө хариуцна.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
29 дүгээр зүйл.Бэлгэ тэмдэг
29.1.Нийслэл нь өөрийн туг, сүлд тэмдэг, хүндэтгэлийн дуутай байна.
29.2.Нийслэлийн туг, сүлд тэмдгийн загвар, хүндэтгэлийн дууг хэрэглэх журмыг
нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.
30 дугаар зүйл.Нийслэлийн хүндэт иргэн ба шагнал
30.1.Нийслэлийг хөгжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан иргэнийг "Нийслэлийн хүндэт иргэн"-д өргөмжлөх болон
бусад шагналаар шагнана. "Нийслэлийн хүндэт иргэн"-д өргөмжлөх
асуудлыг нийслэлийн Засаг даргын өргөн мэдүүлснээр нийслэлийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ.
30.2."Нийслэлийн хүндэт иргэн"-д өргөмжлөх
болон бусад шагналаар шагнах журмыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.
31 дүгээр зүйл.Нийслэлийн бүртгэл, мэдээлэл, судалгааны байгууллага
31.1.Нийслэл Улаанбаатар хот нь өөрийн сонин, телевиз болон радиогийн нэвтрүүлэгтэй
байж болно.
31.2.Нийслэлийн удирдлага нь дэргэдээ хотын хөгжлийн
түүх, хэтийн төлөвийг тодорхойлох, хотжилт,
хот байгуулалт, хүн ам, хүрээлэн байгаа орчны асуудал болон олон нийтийн санаа
бодлыг судлах шинжилгээ, судалгааны төвтэй байж болно.
32 дугаар зүйл.Нийслэлийн өдөр
32.1.Улсын Их Хурлаас тогтоосон нийслэлийн өдрийг жил бүр тэмдэглэнэ.
33 дугаар зүйл.Хориглох зүйлс
33.1.Нийслэлийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад дараахь зүйлсийг
хориглоно:
33.1.1.иргэний
бүртгэлгүй оршин суух, төлөвлөлтгүй газар суурьшил үүсгэх болон суурьших;
33.1.2.хуульд заасан зөвшөөрөлгүйгээр газар эзэмших,
ашиглах, барилга угсралтын ажил явуулах, газар
өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны эрх ашигт халдах, бусдын орц, гарцыг
хаах;
33.1.3.инженерийн
шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг мэргэжлийн байгууллагын дүгнэлт,
зөвшөөрөлгүйгээр ашиглах, гэмтэл учруулах;
33.1.4.хотын
ногоон байгууламж, байгалийн болон таримал мод, бут, сөөгийг хугалах,
устгах;
33.1.5.байгаль
орчин, нуур,
цөөрөм, гол, горхи, булаг, шандыг ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлаар
бохирдуулах;
33.1.6.хий,
шахмал болон боловсруулсан түлш, нүүрс, мод, цаас, малын гаралтай түлшнээс өөр хорт
утаа ялгаруулдаг зүйлсийг түлшэнд хэрэглэх.
34 дүгээр зүйл.Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль
тогтоомж
зөрчигчид хүлээлгэх хариуцлага
34.1.Хууль зөрчсөн гэм буруутай
этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий этгээд дараахь захиргааны шийтгэл ногдуулна:
34.1.1.энэ хуулийн 3.1.2-т
заасныг зөрчиж газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргасан холбогдох
этгээд Төрийн албаны тухай хуулийн 23.1, 25.1.1, 26.1-д заасан хариуцлага
хүлээлгэнэ.
34.1.2.энэ хуулийн 16.1.4,
16.1.9, 16.1.11-ийг тус тус зөрчсөн этгээдэд Захиргааны хариуцлагын тухай
хуулийн 27 дугаар зүйлд заасан хариуцлагыг хүлээлгэнэ.
34.1.3.энэ хуулийн
28.1.4-т заасныг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Барилгын тухай
хуулийн 26.1.2-т заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
34.1.4.энэ хуулийн 33.1.5-ыг зөрчиж зориулалтын бус
болон нийтийн эдэлбэр газар хог хаягдал хаясан, бохирдуулсан бол Ахуйн болон
үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хуулийн 22.4-т заасны дагуу хорооны засаг
дарга хариуцлага хүлээлгэнэ.
34.1.5.энэ хуулийн 33.1.2-ыг
зөрчсөн бол нийслэл, дүүргийн газрын алба барилга, байгууламжийг буулгаж, газрыг нөхөн сэргээх, газар чөлөөлөхтэй холбогдон гарах зардлыг тухайн иргэн, хуулийн этгээдээс
гаргуулна.
34.1.6.энэ хуулийн 33.1.4-т заасныг зөрчсөн бол хорооны
засаг дарга хугалж, тайрсан мод бут, сөөгийг ширхэгээр, цэцэг зүлгийг эзлэх
талбайн хэмжээг 5 дахин өсгөсөн хэмжээгээр нөхөн сэргээлгүүлэх, эсхүл иргэнийг 50000-150000,
аж ахуйн нэгж, байгууллагыг 250000-500000 төгрөгөөр торгоно.
34.1.7.энэ
хуулийн 33.1.6-д заасныг зөрчсөн бол хорооны засаг дарга иргэнийг 50000-100000,
аж ахуйн нэгж, байгууллагыг 300000-1000000 төгрөгөөр торгох, эсхүл эрх бүхий
байгууллагаар шийдвэр гаргуулан үйл ажиллагааг зогсооно.
34.1.8.энэ
хуулийн 16.1.4-т заасныг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зохих үйлчилгээ
үзүүлэхгүй бөгөөд үүдэн гарах хохирлыг тухайн этгээд бүрэн хариуцна.
35 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
35.1.Энэ хуулийг батлагдсан өдрөөс буюу 2009
оны ...дугаар сарын...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Гарын үсэг
Төсөл
МОНГОЛ УЛСЫН
ХУУЛЬ
2009 оны....сарын....өдөр Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ
ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар
зүйлийн 5 дахь хэсэгт дор дурьдсан агуулгатай заалт нэмсүгэй.
1/20
дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 18 дахь заалт:
“18/Монгол
Улсын сайд-Нийслэлийн Засаг дарга:
-нийслэлийг
хөгжүүлэх бодлого;
-Улаанбаатар
хотын хот төлөвлөлт, хот байгуулалтын асуудал;
-нийслэлийн
онцлог чиг үүргийн асуудал.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг Нийслэлийн эрх
зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ГАРЫН
ҮСЭГ
Төсөл
МОНГОЛ УЛСЫН
ХУУЛЬ
2009 оны....сарын....өдөр Улаанбаатар хот
БАРИЛГЫН ТУХАЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
дор дурьдсан агуулгатай заалт нэмсүгэй.
1/16
дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт:
“16.1.6.Барилга
барих явцад гарсан суурийн шороо, хог хаягдлыг мэргэжлийн байгууллагаар
тээвэрлүүлж, зөвшөөрөгдсөн газар хаях.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг Нийслэлийн
эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ГАРЫН
ҮСЭГ
Төсөл
МОНГОЛ УЛСЫН
ХУУЛЬ
2009 оны....сарын....өдөр Улаанбаатар хот
ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ХУУЛЬД
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Тусгай хамгаалалттай
газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн
1 дэх хэсгийн ”дүүргийн” гэснийг “нийслэлийн” гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Нийслэлийн эрх зүйн
байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ГАРЫН
ҮСЭГ
Төсөл
МОНГОЛ УЛСЫН
ХУУЛЬ
2009 оны....сарын....өдөр Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 10
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дор
дурьдсан агуулгатай заалт нэмсүгэй.
1/10
дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт:
“10.1.7.Хот
төлөвлөлтийн албан татвар;”
2/10 дугаар
зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт:
“10.1.8.Экологийн
албан татвар.”
2 дугаар зүйл.Монгол Улсын нэгдсэн
төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “хотын албан татвар”
гэснийг “Нийслэл хотын оршин суугчийн албан татвар” гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Нийслэлийн
эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ГАРЫН
ҮСЭГ
Төсөл
МОНГОЛ УЛСЫН
ХУУЛЬ
2009 оны....сарын....өдөр Улаанбаатар хот
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт дор дурьдсан агуулгатай 17, 18 дахь заалт
нэмсүгэй.
1/7
дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 17 дахь заалт:
“7.4.17.Хот
төлөвлөлтийн албан татвар;”
2/7 дугаар
зүйлийн 4 дэх хэсгийн 18 дахь заалт:
“7.4.18.Экологийн
албан татвар.”
2 дугаар зүйл. Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 14 дэх заалтыг “Нийслэл хотын оршин суугчийн
албан татвар” гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Нийслэлийн
эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ГАРЫН
ҮСЭГ
|